Тавдугаар Султан Мухаммад хаан ширээнээс татгалзсан нь Малайз улсын түүхэнд анхны тохиолдол болж байна. Малайз улс Их Британийн колониос чөлөөлөгдөөд 60 жил болоход нэг ч хаан үүрэг хариуцлага, нэр хүндээсээ татгалзаж байгаагүй ажээ.
Улсын ордноос Султаны хаан ширээнээс татгалзах болсон шалтгааныг тодорхой тайлбарлаагүй ч ойрын хугацаанд нэн даруй шийдвэрийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Орос бүсгүйг эхнэрээ болгосон тавдугаар Мухаммадын хувийн амьдралын талаар олон нийтийн дунд багагүй шуугиан гараад байгаа.
Тэрээр өнгөрөгч оны 11, 12 дугаар саруудад эрүүл мэндийн шалтгаанаар эзгүй байсан ба Оросын нийслэл Москва хотод гоо бүсгүй болж байсан эмэгтэйтэй хуримаа хийж буй зураг олон нийтэд тархсан юм. Малайзын холбогдох албаны хүмүүс иргэдийн дунд тархсан цуу яриа болон хааны эрүүл мэндийн талаар мөн л тайлбар өгөөгүй байна.
Тавдугаар Мухамад 47 настай байхдаа 2016 оны хоёрдугаар сард хаан ширээг залгамжилж байсан. Мужийн захирагчдын зөвлөл дараагийн хааныг сонгох хүртэл амь эрсэдсэн спортод дурлагч Султан үүргээ гүйцэтгэх юм.
Малайзын улс төрийн бүтэц дэлхийн өөр аль ч улсад байхгүй өвөрмөц. 1957 оноос хойш тусгаар тогтносон улсын хаан есөн мужаас ээлж дарааллан сонгогдож, таван жил үүрэг гүйцэтгэдэг. Парламентын засаглалтай тус улсад эзэн хаан бэлгэдлийн шинж чанартай хэдий ч исламын шашинтай Малай үндэстнүүдийн хувьд хэмжээлшгүй үнэ цэнэтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна