Дэлхийн улс орнуудаас бензин шатахууныг Зимбабвед хамгийн өндөр үнээр худалдаалж байна. Тус улсад литр шатахуун 3,3 ам.доллар буюу 8,750 төгрөг болж өсчээ.
Шатахууны үнийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал газар авч таван хүн амиа алдсаны дараа эрх баригчид армийн цэргүүдийг тараан байршуулж, улс даяар интернэт сүлжээг хаажээ.
Даваа гарагт Зимбабве улсын үйлдвэрчний эвлэлүүд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж улс орон даяар жагсаал хийхийг уриалсан. Гудамжинд гарсан жагсаалын үеэр сургууль, бизнесийн байгууллагууд хаалгаа барьсан байна.
Жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр таван хүн амиа алдаад зогсохгүй 200 гаруй хүнийг баривчлан саатуулжээ. Өнөөдөр жагсаал тэмцэл хоёр дахь хоногтоо үргэлжилж цэргийн нисдэг тэргээр нулимс асгаруулагч цацаж жагсагчдыг тараахыг оролдсон байна.
Өнгөрсөн амралтын өдөр тус улсын Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва шатахууны үнийг хоёр дахин нэмж байгааг мэдэгдсэний дараа жагсагчид эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Ерөнхийлөгч бензин шатахууныг литр нь 1,24 ам.доллараас 3,3 ам.доллар, дизель түлшийг 1,36 ам.доллараас 3,1 сая ам.доллар хүртэл нэмсэн байна.
Дэлхий дээр шатахууны үнэ Зимбабве, Хонконг, Монако, Норвеги, Барбадос, Исланд, Нидерланд, Уругвай улсуудад хамгийн өндөр буюу литр нь 1,7-3,3 ам.доллар хүртэл үнээр зарж байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна