Европын топ 5 лигээс Францын ПСЖ, Италийн Ювентус багууд энэ улиралд хожигдол хүлээгээгүй амжилтыг үзүүлж байна. Францын нийслэлийн баг энэ улиралд 19 тоглолтыг хийгээд байгаагаас 17 ялалт авч, 2 өрсөлдөгчтэйгээ оноо хуваасан амжилтыг гаргаад байгаа бол Турин хотын баг мөн оноо алдаагүй цувралаа үргэлжлүүллээ. Тэд лигийн 20 –р тойргийн хүрээнд өнгөрсөн шөнө талбайдаа Кьево багийг хүлээн авсан байна. Талбайдаа болсон тулаанд Ювентус 3-0 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авч, энэ улирлын 18 дахь ялалтаа байгуулжээ. Турин хотын баг энэ улиралд Женоа, Аталанта багуудтай эвийн гэрээ байгуулсан юм. 18 дахь хожлоо авснаар Ювентус 56 оноотой болж, хойноо яваа Наполи багаас 9 оноогоор тасраад байна. Массимилиано Аллегригийн залуусаас тоглолтын 13 дахь минутанд Дуглас Коста гоол оруулсан бол 2 дахь хагаст Эмре Жан, Даниэла Ругани нар тооны харьцааг ахиулжээ. Өнгөрсөн зун дуулиантайгаар Турин хотын багт ирсэн Португал довтлогч К.Роналду торгуулийн цохилтоо алдсан аж. К.Роналду 14 гоол оруулсан амжилтаар багаа тэргүүлж байгаа бол Хорват довтлогч Марио Манжукич 8 гоолтой удаалж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна