Малайзын хаан Султан Мухаммед нь одоогоос 2 сарын өмнө ОХУ-ын модель Оксана Воеводинатай сүрлэг хуримласан билээ. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлснээр хоорондоо 24 насны зөрүүтэй хосуудын гэрлэлт дуусгавар болоод зогсохгүй, хөл хүнд Оросын мисс бүсгүй төрхөмдөө буцахаар болсон байж мэдэхээр байна. Тэдний гэрлэлт хүндхэн бэрхшээлтэй тулгараад зогсохгүй, реалити шоуны оролцогч бүсгүйтэй амьдралаа холбосон Малайзын хааны нэр хүнд ч нилээд унаж, тэрбээр эрүүл мэндийн шалтгаан гэх нэрийдлээр хаан ширээгээ өгч байна. Тухайлбал энэ жил 49 настай Султан Мухаммед нь 1 сарын 6-нд хаан ширээнээсээ бууж, улмаар 1 сарын 24 буюу өчигдөр түүний оронд Султан Абдулла Султан Ахмад Шах нь Малайзын хаан боллоо.
Эргэн сануулахад Оросын модель, Москва хотын гоо бүсгүй тэмцээний ялагч 25 настай Оксана Воеводина нь Малайзын хаан 5 дугаар Мухаммедтай өнгөрсөн 2018 оны 11 дүгээр сард ОХУ-ын нийслэл Москва хотноо тансаг хуримын ёслол хийсэн юм. Гэвч Малайзын хаан Султан Мухаммед нь хаан ширээнд заларснаас хойш ердөө хоёрхон жилийн дараа учир битүүлэг шалтгаанаар эрх мэдлээ шилжүүлж байна. Түүний оронд Их Британид боловсрол эзэмшсэн хунтайж Султан Абдулла Ахмад Шах нь Малайзын хаанаар тодорчээ.
ОХУ-ын Известия, Dni.ru зэрэг эх сурвалжуудын бичсэнээр Оросын үнсгэлжингийн эзэн хаантай гэрлэсэн үлгэр энэ хүрээд өндөрлөх нь тодорхой боллоо гэжээ. Оксана нь Москва хотын мисс гэдгээсээ гадна телевизийн реалити шоуны оролцогч, тухайн нэвтрүүлгийнхээ хамгийн эхний дугаарын бичлэг дээр өөр нэг эрэгтэй оролцогчтой энгэр зөрүүлж, ихээхэн анхаарал татаж байжээ. Тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр Малайзын хаантай амьдралаа холбохоосоо өмнө Исламын шашин руу шилжиж, улмаар тэдний хурим архи согтууруулах ундаагүй буюу Исламын ёсны дагуу явагдсан.
Ямартай ч, Малайз улсын хааны байр сууриа тавьж өгсөн 5 дугаар Мохаммед нь Малайзын Келантан мужийн Султан хэвээр үлдэж, улсынхаа эрх мэдэл бүхий томоохон зүтгэлтний оролцоог хадгалж байна. Түүний хөрөнгө нь хэдэн арван тэрбум ам.доллараар яригддаг төдийгүй, хувийнх нь машины цуглуулгад дэлхийд цөөхөн тоогоор үйлдвэрлэгдсэн хамгийн тансаг ховор машинууд байдаг ажээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна