Сар шинийн баярын дараа сүсэгтэн олон жилийнхээ засал, номыг уншуулдаг уламжлалтай. Монголчууд хаврын эхэн сарын шинийн 15-ны дотор багтаж заслаа хийх нь сайн гэж үздэг. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд шинийн 3-наас эхлэн засал, номын хурал айлтгалуудаа хурж эхлээд байна. Тавгийн идээтэй, сэржимтэй, даллагатай номыг Зуугийн дуганд хурж байгаа бол бусад номуудыг Чогжин, Очирдарийн дугана, Төв гандан, Дашчойнпэл зэрэг бусад дугануудад уншиж байна. Алтанганжуур уншуулвал 20000 төгрөг, бусад номын тариф 500-10000 төгрөгийн үнэтэй байгаа юм.
ШОРООН ГАХАЙ ЖИЛД ТУСГАЙ ЗАСАЛТАЙ ЖИЛҮҮД
Жил орогсод буюу гахай жилтнүүд
1947, 2007 онд төрсөн бол 13, 73-ны жил нь “хүү” махбодтой бөгөөд эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.
1935, 1995 онд төрсөн бол 25, 85-ны жил нь “нөхөр” махбодтой бөгөөд жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох тул Догсом, Доржнамжом, Цэнд, Доржнамжомын жавтий тавиул.
1923, 1983 онд төрсөн бол 37, 97-ны жил нь “дайсан” махбодтой бөгөөд эдийн гарлага тул Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чог хуруулж, Лусад балин өргө.
1971 онд төрсөн бол 49-ний жил нь “эх” махбодтой бөгөөд сүлд хийморь доройтох тул Нити, Жинсрэг айлдуул.
1959 онд төрсөн бол 61-ний жил нь “өөрийн төрсөн жилтэй адил” махбодтой бөгөөд ад зэтгэр, шулмын хөнөөл гарах тул Бум цац “талби”, “Цэдэв-Насан бүтээл” үйлдвээс сайн.
Жил орсон хүмүүс оршуулга, хурим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил “угтаж ордог” тул урдаас засаж сэрэмжил. Эм хүнийх “үдэж дагадаг” тул орсны дараа ч засал хийлгэ.
Жилээ угтаж ордог 4 жил нь бар, могой, бич, гахай бол жилээ барьж ордог 4 жил хулгана, туулай, морь, тахиа болно. Харин жилээ дагаж ордог 4 жилүүд үхэр, луу, хонь, нохой болой.
Могой жилтнүүд Дүнсэр буюу их харш жилтэй учирна. Хулгай, дайсан, зохисгүй юм болж магад. Догсом, Базарсад, Жанцанзэмүвүнжан, замд явбал Далх тахь.
Бич, бар жилтнүүд шишид буюу бага харш буух тул Жадамба, Ногоон дарь эх уншуул, Амин золиг гаргуул.
Туулай, хонь жилтнүүд ивээл жилийн буюу түнсүм засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул.
Нохой жилтнүүд цагаан жил буюу логар ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гарах гэм буй. Маналын чого, Сахиусаа тахь.
Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ.
Мэнгэ нь голлосон жилүүд:
1920, 1929, 1938, 1947, 1956, 1965, 1974, 1983, 1992, 2001, 2010, 2019 онд төрөгсөд Жанаггагдог, Цэвэгмэдийн чого, Цэнд насны тоогоор уншуулна.
***
ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙД ЦАХИМ НОМ АЙЛТГАЛ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭВ
Монголын бурханы шашинтны Төв Гандантэгчинлэн хийд нь сар шинийн баярыг тохиолдуулан эх орондоо болон хилийн чанадад оршин суугаа сүсэгтэн олны хүсэлтийн дагуу “Цахим ном айлтгал” үйлчилгээг нэвтрүүлээд байна. Энэхүү үйлчилгээний гол давуу тал нь жилийн засал номоо хийлгэх гэж буй иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх зорилготой бөгөөд интернэт ашиглан гэрээсээ засал номоо бичүүлэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.
Өөрийн биеэр болон цахим хэлбэрээр ном бичүүлэх нь буяны үйлд огт ялгаагүй бөгөөд харин сүсэглэх, эс сүсэглэх нь сүсэгтэн танаас шалтгаалах аж. Тийм учраас сэтгэлдээ сүсэглэж чадвал таны оршин буй газар, орон холдохгүй, буян хуран чуулна хэмээн судар номд айлджээ.
Та онлайнаар номоо захиалахыг хүсвэл www.gandan.mn сайтаар орон захиалах боломжтой.
Сэтгэгдэл бичигдээгүй байна