ХЭРГИЙН МӨРӨӨР: Оргосон цэргийн үхэл гадны нөлөөтэй байв уу!


Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг оргож, ОХУ-ын Тувад амиа алдсан тухай өмнө нь бид мэдээлсэн.

Албаныхны өгч буй мэдээллээр, 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр байлдагч Ц.В нь ахлагчийнхаа моринд өвс тавьж өгнө хэмээн морийг нь унан, цэргийн ангиас гарчээ. Ийнхүү цэргийн ангиас гарсан байлдагч заставыг олон цагийн турш орхисон тул түүнийг цэргийн дотоод журмын дагуу оргон зайлсан гэж үзэн, эрэн хайж эхэлсэн байна. Байлдагч оргох үедээ 50 ширхэг сумтай буутай явсан учир онц аюултай оргодол хэмээн цэргийн анги болон хилийн тагнуулын алба хаагчдын нийлсэн 168 хүний бүрэлдэхүүнтэй баг 16 тээврийн хэрэгсэл, хоёр нисдэг тэргээр хоёр өдөр хайсны эцэст хоёрдугаар сарын 02-ны өдөр олсон юм. 

Эрлийн багийнхан оргосон цэргийг олох үед амьд байсан ба ОХУ-ын хил рүү хууль бусаар нэвтэрсэн байжээ. Талийгаач Ц.В-г тэнгэр рүү гурван удаа буудаж, дараа нь өөрийгөө буудан, амь хохирсон гэдэг мэдээлэл хэвлэлүүдэд гарч байгаа. 

 

Гэвч албан бус эх сурвалжууд дээрхээс зөрүүтэй буюу МАШ НОЦТОЙ мэдээлэл өгч байгаа юм. Талийгаач Ц.В-г өөрийгөө буудаагүй, хөндлөнгийн этгээдийн буюу гадны нөлөөтэй нас барсан гэх дүгнэлт гарсан ч албаныхан уг мэдээллийг үгүйсгэсэн. Энэ нь улмаар болсон бодит нөхцөл байдлыг нууцлав уу гэсэн хардлага төрүүлэхэд хүргэж байгаа юм. 

Талийгаач Ц.В нь Завхан аймгийн Асгат сумын Хайрхан багийн малчин Ц-гийн том хүү байсан бөгөөд 18 нас хүрээгүй байхдаа буюу 2018 оны аравдугаар сард тус цэргийн ангид хуваарилагдан очоод байжээ. Түүний цогцсыг хоёрдугаар сарын 3-ны шөнө ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, хөдөөлүүлжээ. 

Уг хэргийн талаар "Оросын нутаг дэвсгэрт гарсан хэрэг учраас тус улсын хуулийн байгууллага шалгана" гэх тайлбарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өгсөн юм. 


Эх сурвалж: Zindaa.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна