С.БАТТУЛГА: ХОРВООГИЙН САЙХАН БҮХНИЙ ЭХ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД БАЙДАГ

2019/02/22
Энэ удаагийн “Зочны” буландаа Улсын филармоны гоцлол дуучин, VOICE группийн ахлагч, СТА С.Баттулгатай уран бүтээлийн тоглолт болоод урлагийн талаар ярилцлаа.

-Та Монголын сайхан эхчүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, хүндэтгэлийн тоглолтоо өргөн барихаар бэлтгэлдээ оржээ. Бэлтгэл хэр хангагдаж байна, тоглолтын гол онцлог нь юу вэ? 
-Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан “ХҮНИЙ САЙХАН ХОРВООД…” талархал, хүндэтгэлийн тоглолтоо өргөн барих гэж байна. Энэ хорвоо дээр эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг өндөр байдаг шүү дээ. Төрүүлж өсгөсөн ижий, ханилж түшсэн хань гэргий, хүнд, хэцүү үед хамт байдаг  эгч, дүү,  хүний төлөө гэх сэтгэлтэй бүсгүйчүүд, найзууд байдаг.  Эдгээр сайхан эхчүүд, эмэгтэйчүүддээ талархал хүндэтгэл илэрхийлэх зорилгоор энэхүү тоглолтоо зохион байгуулж байна.

Би жил бүр “МИНИЙ ЭХ ОРОН” цуврал тоглолтыг хийж ирсэн. Энэ цувралын үргэлжлэл болгож “ХҮНИЙ САЙХАН ХОРВООД…” тоглолтоо хийж байгаа юм. Миний тоглолтууд нилээн том бүрэлдэхүүнтэй хийгддэг. Энэ удаад ч гэсэн өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдах бөгөөд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын эстрад синфони найрал хөгжим, найрал дуучид, бүжигчид болон Зэвсэгт хүчний жанжин штабын “Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим”-ийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм.
Тоглолтын маань эхний хэсэг эхчүүд, монгол бүсгүйчүүдээ магтан дуулах бол хоёрдугаар хэсэгт хуучны сайхан дуу, сэтгэлд хоногшсон аялгуу энэ үдэш эгшиглэнэ ээ. Мөн тоглолтондоо зориулан шинэ уран бүтээл хийж байгааг дуулгая.  Би яруу найрагч хүн биш ч гэсэн өөрийн зүрх сэтгэлээ сонсож хэд хэдэн дууны үгийг бичсэн байдаг. Энэ удаад “Монгол бүсгүй” хэмээх дууны үгийг сийрүүлж, миний уран бүтээлийн анд найз, орчин цагийн нэртэй хөгжмийн зохиолч СТА  Ш.Өлзийбаяр аялгууг хийсэн. Мөн миний дүү хөгжмийн найрууллага дээр ажиллаж байна. “Монгол бүсгүй” гэх уран бүтээл нь эрчүүдийн маань Ээждээ, эхнэртэй, эмэгтэй дүүдээ, эгчдээ зориулсан уран бүтээл байх болно оо.

-Тэгэхээр тоглолтын үзэгчид энэ дууны анхны сонсогчид болох нь ээ? 
– Зарим дуунууд тоглолтын өмнө үзэгчдэд хүрдэг шүү дээ. Харин бид энэ дуугаа зөвхөн тоглолтонд ирсэн нийт үзэгч, сонсогчдодоо зориулж, анх удаагаа олон нийтэд хүргэхээр зорьж байгаа юм. Энэ дууныхаа үгнээс энд сийрүүлбэл…
Гуниг үргээж ниссэн гоо даль МОНГОЛ БҮСГҮЙ       
Жаргал хурааж ирсэн суу заль МОНГОЛ БҮСГҮЙ
Нулимстай ч мишээдэг өнгийн солонго минь
Нуурандаа жаргалтай хунгийн дэвэлт минь
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна