Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас Иргэн, Аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөмж гаргалаа

2019/02/28
Барилгын угсралтын ажлын явцад техникийн үндсэн шийдлийн алдаа зөрчил гарах, барилгын бат бэх тогтвортой байдал алдагдах, байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд жил бүр давтагдан илэрч байгаа нь шинээр баригдаж буй барилгуудын ашиглалтын үеийн аюулгүй байдал хангагдахгүй байх ноцтой байдал үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна.  

Иймд барилгын ажлын улирал эхэлж байгаатай холбогдуулан барилгын ажлын эрсдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор барилгын угсралтын ажил гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдэд дараах асуудлуудыг анхааралдаа авч ажиллахыг ЗӨВЛӨЖ байна.  Үүнд:

1. Барилгын хөрөнгө оруулагч, захиалагч, зураг төсөл зохиогч, угсралтын ажил гүйцэтгэгч нар “Барилгын тухай” болон салбарын бусад хууль эрх зүйн актуудыг, мөрдөж, хуулиар хүлээсэн тус тусын эрх, үүргийн хэрэгжилтийг хангуулж ажиллах;

2. Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн хүрээнд л зөвхөн барилгын ажил гүйцэтгэж байх;

3. Барилгын угсралтын ажил гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд нь эрх бүхий байгууллагаар батлагдаж, магадлалаар хянагдсан зураг төслийн дагуу барилгын ажлыг гүйцэтгэх;

4. Эрх бүхий байгууллагаас барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авсны дараа барилгын угсралтын ажлыг эхлэх;

5. Барилгын угсралтын ажилд барилгын норм ба дүрмүүдийг мөрдөж, хэрэгжилтийг хангуулж ажиллах;

6. Барилгын угсралтын ажлын явцад захиалагчийн  болон “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх дүрэм”-ийн дагуу зураг төсөл зохиогчийн хөндлөнгийн хяналт шалгалтыг тогтмолжуулж, эдгээр шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгаж хэвших;

7. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагад дотоод хяналтыг зохион байгуулах нийтлэг журам”-д нийцүүлэн өөрийн компанийн “Дотоод хяналтын журам”-ыг боловсруулан баталж, мэргэжлийн боловсон хүчин бүхий дотоод хяналтын нэгжийг зохион байгуулан ажиллуулж, ажлын байрны онцлогт нийцсэн аюулгүй ажиллагааны дүрэм, заавар, журам баталж, хэрэгжилтэд хяналт тавьж байх;

8. Барилгын гүйцэтгэгч байгууллагууд нь барилгын угсралтын техникийн үйл ажиллагаанд тавих дотоодын хяналтын ажлын үр дүнг сайжруулах, дотоод хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг заавал арилгах тогтолцоог системтэйгээр зохион байгуулж хэрэгжүүлж хэвших;

9. Барилгын угсралтын ажлын явцад Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлуудыг бүрэн арилгаж, улсын байцаагчийн акт, албан шаардлагын биелэлтийг хангуулж, зөрчил дутагдалгүй ажиллах;

10. Барилга байгууламжийн үндсэн даац бүтээцийн бетоны цутгалтын ажлыг барилгын норм дүрэмд заасны дагуу хоногийн дундаж температур 5 хэмээс бага буюу өдөрт 0 хэмээс бага үед нэмэлт арга хэмжээгүйгээр гүйцэтгэхгүй байх;

11. Инженерийн хийцтэй барилга байгууламжийн үндсэн бүтээцийн бетон зуурмагийг тусгай зөвшөөрөл бүхий төвлөрсөн зуурмагийн узелээс авч хэрэглэж хэвших;

12. Барилгад зураг төслийн болон стандартын шаардлага бүрэн хангасан барилгын материал хэрэглэж байх, стандарт тогтоогдоогүй бүтээгдэхүүн материалуудыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ туршилтанд тогтмол хамруулж үе шатны  далдлагдсан ажлын чанарыг баталгаажуулах;

13. Барилгын угсралтын ажилд бетон зуурмагийг цутгах ажилд “Цутгамал төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх заавар” БД 52-102-04 болон “Цутгамал бетон, төмөр бетоны бүтээц” БНбД 52-02-05-ын дагуу бетон зуурмагийн конусан суултыг заавал тодорхойлж, цутгасан хийц бүтээц бүрийн бетон зуурмагаас дээж авч, бетоны шахалтын бат бэхийг итгэмжлэгдсэн лабораториор тодорхойлуулан цутгамал бүтээцийн бат бэхийг хангуулж байх, цутгалтын дараах бетоны арчилгааг шаардлагын дагуу гүйцэтгэх;

14 Конусын суулт ихтэй буюу хөдөлгөөнт чанар ихтэй өндөр маркийн бетон зуурмагт зориулалт шаардлагатай уялдуулан налархайжуулалт, агааржуулагч, бэхжилийн нэмэлтийг хэрэглэж байх;

15. “Хөдөлмөрийн тухай” хуулийн 72 дугаар зүйлийн 1-д заасан шөнийн цаг буюу оройн 22 цагаас өглөөний 06 цагуудад орон сууцны бүс нутагт барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхгүй байх;

16. Барилгын цутгамал бүтээцийн хэв хашмалын тулаасанд модон тулаас хэрэглэхгүй байх;

17. Нийт ажиллагсдыг тодорхой төлөвлөгөөний дагуу системтэйгээр мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх сургалтанд тогтмол хамруулах, аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдсан, зааварчилгаа авсан мэргэжилтэй ажилчнаар ажил гүйцэтгүүлж байх;

18. Барилгын угсралтын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөлийг 20-иос дээш ажилтантай аж ахуйн нэгж  байгууллага бүрт байгуулж, 1 ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтанг ажиллуулж байх;

19. Барилгын талбайд материал эдэлхүүн, хийц бүтээц, тоног төхөөрөмжийг эмх цэгцтэй хурааж, өндрөөс эд зүйл унахаас сэргийлж, аваарь осол, эрсдэлгүй ажиллах зэрэг болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна