Мөнгөнөөс болж төрсөн эгчийгээ хэрцгийгээр хөнөөсөн этгээдийг шүүнэ

Өчигдөр 15 цаг 16 минут
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард төрсөн эгчийнхээ амийг нь хөнөөж, цогцосыг нь гэрт нь шатаасан аймшигт хэрэг гарсан билээ. 

 Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр гэмт этгээдүүдийг шүүх хурлын  урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.

Прокуророос сэжигтэн Д.Батхуяг, О.Энхбаяр нарт  Эрүүгийн хуулийн 10.1.2.2, 10.1.2.4, 10.1.2.5, 10.1.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр  яллагчдыг шүүхэд шилжүүлсэн бөгөөд гуравдугаар сарын 13-нд шүүх хурал нь товлогджээ.

Хэргийг сануулбал, дөрөвдүгээр сарын 21-нд Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Саруул” хотхонд гал гарлаа гэсэн дуудлага онцгой байдлын газарт ирсэн байдаг. Дуудлагын дагуу очиход 27 настай эмэгтэй галд өртөж амиа алдсан байсан бөгөөд цагдаагийн байгууллага шалгахад талийгаач гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон.

Талийгаач эмэгтэй гэртээ ганцаараа амьдардаг байсан бөгөөд мөрдөн байцаалт явуулснаар түүний төрсөн дүү болох 19 настай Б нь эгчийгээ хөнөөсөн болохыг тогтоосон юм.

Тэрбээр энэхүү хэргийг өөрийн найз болох 20 настай найз Э-ийн хамтран өс хонзонгийн сэдлээр хөнөөсөн байна. Тэд хохирогчийн хоолойг нь боож амийг нь хөнөөгөөд хэргийн ул мөрөө баллахын тулд гэрийг нь галдан шатаасан нь болохоо хүлээн зөвшөөрсөн.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач бүсгүй Малайз улсад гурван жил ажиллаж их хэмжээний мөнгө хураажээ. Тодруулбал, амиа алдахаас өмнө дансандаа 30 сая төгрөг байршуулсан байсан бөгөөд түүний дүү Б нь шунахайн сэдлээр бүлэглэн эгчийнхээ амь насыг нь хохироосон болохоо мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрчээ.





 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна