Манай эрх мэдэлтэнгүүдийн амнаас сүүлийн үед "Цаофэйдянь" боомт гэдэг үг их гардаг боллоо. Миний бие хятад судлаач ухаантай юм болохоороо тэр боомтын талаар бага сага зүйл уншиж нягтлаж байтал дорхи сэтгэл сэрхийлгэм мэдээллүүдийн зөвхөн гарчиг нь л гэхэд бүтэн нүүр дүүрэхээр байгааг хараад энд нийтлэх нь зүйтэй гэж үзлээ.
"Цаофэйдянь маягийн бэрхшээлийг анхаарахгүй байж болохгүй"
"300 тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд байхад Цаофэй Дянь яагаад бүтэлгүйтэв?"
"Цаофэйдянь асар их өрийн дарамтанд оржээ."
"Цаофэйдяньгийн дампуурал Шэньжэнь маягийн загвар хятадын хувьд хорт хавдар болохыг батлаж байна."
"Цаофэйдянь хятадын бүтэлгүй загвар уу?" гээд жагсаагаад байвал дуусашгүй урт цуваа үүсэж мэдэхээр байна.
Тэр дундаа Японы Нихон кэйзай сонины "Цаофэйдянь хятадын бүтэлгүй загвар мөн үү?" гэсэн нэртэй өгүүлэл ихээхэн анхаарал татахаар байна л даа. Ер нь энэ асуудал 2013 онд үүсэж эхлэсэн. Тэндхийн аж үйлдвэрийн паркад хөрөнгө оруулахаар зэхэж байсан японы томоохон компаниуд хөрөнгө оруулахаа больж байгаа тухай өгүүлсэн байна.
Би хятадын болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр энэ талаар гарсан зүйлийг энд жагсааж байгаа юм шүү.
2013 онд Цаофэйдяньгийн хүндрэлтэй асуудал үүссэн. Тус хотын захиргаа хоногтоо 10 сая юаний зээлийн хүү төлөх асуудалтай тулгараад байгаа гэхээр үндсэн зээл мөн аймаар юм байж таарна аа даа.
Манай хятад хэлтэй нөхөд энэ олон өгүүллүүдийг дор бүрнээ уншиж орчуулаад олон нийтэд чадах чинээгээрээ мэдээлэх хэрэгтэй санагдана. Бас 曹妃甸鬼城 гэдэг үгийг гүүглд өгөөд үзэхэд бас л дээрхиэс дутуугүй олон янзын мэдээлэл гарч ирнэ.
Айхтар хэрсүү япончууд 2013 онд асуудал үүсэнгүүт хөрөнгө оруулалтаа татаад эрсдлээс зайлж чаджээ. Гэтэл манай томчууд 2014 онд хятадын талтай Цаофэйдянь боомтыг ашиглах талаар гэрээ байгуулсан аж. Хандлагын мөн айхтар ялгаа харагдаж байгаа биз?
Дэлхийн хоёрдох том эдийн засаг болох Хятад улс 10-20 Цаофэйдяньгийн асуудлыг ажрахгүй даваад гарчих нь тодорхой. Харин жижигхэн монгол улс маань хятадын гадаад дотоодод ирээдүйгүй төсөл гэгдээд байгаа Цаофэйдянь руу хамаг байдгаа шавхаж төмөр зам тавиад эцэс сүүлд нь "Буцахдаа шороо тээхийн үлгэр" болчих вий дээ.
Цаофэйдянь боомтын тухай нарийвчлан уншиж байхад Бразил, Австрали, Өмнөд Африк зэрэг улсуудаас уул уурхайн бүтээгдхүүн оруулж ирсэн статистик байхаас гадна Өвөрмонголын нүүрсийг хятадын зүүн болон өмнө зүгийн нутгуудад түгээх үйл ажиллагаа явуулдаг болох нь ойлгогдож байна. Харин манай дарга нарын хөөрцөглөөд байгаа шиг "Дэлхийн зах зээл" рүү нүүрс гаргаад байгаа мэдээлэл олж үзсэнгүй.
Ер нь манай бодлого боловсруулагч нар энэ мэт асуудлыг шийдвэрлэхдээ судлаачдынхаа санал зөвлөлгөөг тодорхой хэмжээгээр харгалзан үзэж байх хэрэгтэйг энэ жишээ батлан харуулж байна бус уу?
Хятад судлаач Д.Болдбаатар
Сэтгэгдэл бичигдээгүй байна