БНСУ-ын нийслэл Сөүл хотноо “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа боллоо.
Энэхүү үзэсгэлэн худалдаа нь “ЖДҮ-ийн хөгжилд БНСУ дахь монголчуудын оролцоо”-ны хүрээнд болсон бөгөөд ХХААХҮЯ зохион байгуулж, “Мишээл экспо” ХХК, БНСУ дахь Монгол Төрийн бус байгууллагын нэгдсэн зөвлөл, “Ханарим” ХХК, БНСУ-ын Үндэсний захын холбоо, Сөүл хотын Чүнбү дүүргийн захиргаа, “Чүнбү” маркет дэмжин ажиллалаа.
Үзэсгэлэн худалдаанд манай улсын 40 гаруй ААН ноос, ноолуур, арьс шир, хэвлэл, оёмол бүтээгдэхүүн, үндэсний хувцас, бэлэг дурсгалын гэсэн 15 төрлийн 38 нэрийн бараа бүтээгдэхүүнээр оролцож 19.8 сая төгрөгийн бараа борлуулав. Үзэсгэлэн худалдааг БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудаас гадна Солонгос иргэд олноор үзэж сонирхон худалдаа хийжээ. Үзэсгэлэнгийн үеэр, мөн арьс шир, ноос ноолуур, зөөлөн оёдол, үндэсний хувцасны чиглэлийн 8 байгууллага хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зуржээ.
Мөн энэ үеэр БНСУ дахь монголчуудад зориулсан бизнес уулзалт болсон юм. Оролцогчид энэхүү үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд жил бүр тогтмол зохион байгуулж байхыг санал болголоо. Бизнес уулзалтын үеэр, Сөүл хотын ЖДҮ гарааны бизнесийн газар болон Дэжүн хотын ХАА-н “NH” хоршооны дарга Чун Же Ён Монгол Улсын 2-3 хоршооны төлөөллийг сургаж дадлагажуулах, Монголын нэг аймгийн нэг сумыг сонгон “Загвар хоршоо” байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна