Ч.Энхбат: “ТОСК”-ийн царцсан барилгыг нэмэлт санхүүжилтээр эдийн засгийн эргэлтэд оруусан

2019/06/06

Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбаттай “ТОСК” ТӨҮГ-ын зээлийн эргэн төлөлт болоод төсөлд нэмэлт санхүүжилт хийх болсон талаар ярилцлаа.

-Танай банкнаас “ТОСК” ТӨҮГ орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр санхүүжилт авсан ч зээлийн эргэн төлөлт нь хийгдэхгүйгээс үүдэн эрсдэлтэй зээлдэгчийн нэг болсон. Тэгэхээр тэднийх зээлээ төлж чадахгүй болсон шалтгаан нь юу байсан бэ?

-Анх Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлоготой уялдуулан “Төрийн орон сууцны корпораци”-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах санхүүжилтийг Чингис бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан олгох шийдвэр гаргасан байдаг. Түүгээр “Буянт-Ухаа-1” хорооллын 1764 айлын, “Буянт-Ухаа-2” хорооллын эхний ээлжийн 1620, Архангай 120, Увс 105, Дархан-Уул 189, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 126 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан. Гэвч тус компанийн удирдлагын алдаатай шийдвэрээс үүдэн орон сууцны борлуулалтын орлогоор зээлийн эргэн төлөлтөд хийхээс зайлсхийж, шинээр барилгын төсөл хэрэгжүүлсэн. Ингэхдээ хэрэгжүүлэх төслөө дутуу тооцсоны улмаас  “Буянт-Ухаа-2” төслийн хоёр дахь ээлжийн 972 айлын орон сууц, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Дундговь аймагт хэрэгжиж байсан төслүүд санхүүжилтгүй болж гацсан нь тус байгууллагыг санхүүгийн хүндрэлд оруулсан гэж болно. Мөн “Буянт-Ухаа-1” төслийн борлуулалтын орлогоос бусад компанийн хэрэгжүүлж байсан санхүүгийн үр ашиггүй төсөлд хөрөнгө оруулалт хийсэн тохиолдлууд ч байгааг аудитын болон бусад шалгалтаар тогтоож, Хөгжлийн банкинд мэдэгдсэн.

-ТОСК анх хэдий хэмжээний санхүүжилт авсан юм бэ?

-Хөгжлийн банкнаас нийт 340 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. Үүнд ханшийн өөрчлөлт бас нөлөөлнө. Тус компанийн зээлийн эргэн төлөлтийг орон сууцны борлуулалтын орлогоор болон Засгийн газрын 2018 оны тогтоолын хүрээнд өмнөх онуудад дутуу хэрэгжүүлж царцсан барилгыг зээлийн төлбөрт тооцож шилжүүлэн авсан. Ингэснээр одоогоор 258.1 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа.

-Тэгвэл ТОСК-ийн зээлийн хүндрэлийг арилгуулахын тулд дахин санхүүжилт хийсэн нь тухайн царцсан барилгыг эргэлтэд оруулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн гэсэн үг үү?

-Хөгжлийн банкнаас нэмэлтээр 60 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийж царцсан барилгуудыг дуусгах ажлыг эхлүүлсэн. Одоогоор Хөвсгөл аймаг дахь 135 айл, Говь-Алтай аймаг дахь 120 айлын барилгын ажлыг бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн ирэх сардаа багтаан Улаанбаатар хотод 972 айлын, Орхон аймагт 315 айлын орон сууцыг барьж дуусгахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, дахин санхүүжилтээр царцсан барилгыг ашиглалтад оруулах боломжийг бүрдүүлсэн нь “ТОСК” ТӨҮГ-ын зээлд үүсээд байсан хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж, бодит үр дүн гарч эхэлж байна.

-Хөгжлийн банкны томоохон таван зээлдэгчийн зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор Эрсдэлийн сан байгуулсан байдаг. Гэтэл энэ сангийн дийлэнх хувийг “ТОСК” ТӨҮГ-ын зээл эзэлж байгаа тухай ярьж байна. Энэ талаар?

-Хөгжлийн банкны зээлийн эрсдэлийн сангийн тодорхой хувийг “ТОСК” ТӨҮГ-т олгосон зээлд тооцож байгуулсан. Энэ нь мэдээж Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлт болон зээлийн багцын чанарт сөргөөр нөлөөлдөг. Энэ талаар Засгийн газар, Монголбанк болон олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаас тогтмол хугацаанд хийдэг хяналт шалгалт, аудитын тайланд ч тодорхой дурдагдсан байгаа. Гэхдээ Хөгжлийн банк нь Засгийн газрын Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд хамтран оролцох, дэмжлэг үзүүлэх зорилгоор “ТОСК” ТӨҮГ-ын зээлд тодорхой арга хэмжээг өнгөрсөн хугацаанд авч ажилласан нь тодорхой үр дүнд хүрч байна.

-ТОСК руу дахин санхүүжилт хийх боломж байсан уу. Учир нь компани зээлээ эргэн төлөх боломжгүй болтлоо хүндэрсэн үе шүү дээ?

-Өмнөх зээлийг үр ашиггүй зарцуулсан, санхүүгийн хүндрэлд орсон, зээлийн барьцаа хөрөнгө нь банкны шаардлагыг хангахгүй байгаа компанид нэмж зээл олгох ямар ч боломжгүй байсан. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль зөрчигдөх нөхцөл байдал үүссэн учраас Засгийн газрын тогтоолын хүрээнд 2018 онд “ТОСК”-ийн өмчлөл дэх царцсан барилгуудыг зээлийн төлбөрт тооцож, шилжүүлэн авсан юм. Үүний дараагаар Хөгжлийн банкнаас нэмэлт санхүүжилт хийж, барилгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн. Дахиж санхүүжилт хийгдсэнээр нийгэм, эдийн засагт болон Хөгжлийн банк, зээлдэгч ТОСК-ийн санхүүгийн үзүүлэлтэд эерэг нөлөөллийг үзүүлж байна.

-Мэдээж банкны хөрөнгө болгохын тулд Засгийн газар болоод харъяа яамтай зөвшилцөх байх?

-Тэгэлгүй яахав. Засгийн газрын хэрэгжүүлж байгаа төсөл гацаж санхүүжилтийг эрсдэлд оруулж байгаа учраас холбогдох газруудтай харилцан ярилцаж ТОСК-ийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах талаар хэлэлцсэн. ТОСК-ийн хэрэгжүүлсэн төслийн зорилго нь хямд өртөгтэй орон сууцыг иргэдэд борлуулах. Гэвч зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй, барилга нь царцсан зэрэг нь орон сууцны өртөгт сөргөөр нөлөөлөх эрсдэл үүссэн. Тэгэхээр энэ мэтчилэн цаашид учирч болох эрсдэлийг хаахын тулд 2017 оноос эхлэн бид Засгийн газар, БХБЯ-нд санал тавьж 2018 оны гуравдугаар сард тогтоол гарснаар ТОСК-ийн царцсан барилгыг Хөгжлийн банкны хөрөнгөөр бүртгэх болсон юм.

-Ашиглалтад орсон орон сууцны борлуулалт нь ямар зарчмаар явах вэ. ТОСК-т харъяалагдаж байснаас өөр нөхцлөөр борлуулагдах уу. Эсвэл?

-Өнгөрсөн онд гарсан Засгийн газрын тогтоолын дагуу түрээсийн орон сууцанд шилжүүлэх учиртай. Гэхдээ 2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газраас гаргасан тогтоол бий. Тэнд ТОСК-ийн барьж буй 1289 айлын орон сууцыг түрээсийн орон сууцанд шилжүүлэн хөрөнгийн эх үүсвэрийг нь төсөвт тусгах тухай заасан байдаг. Ингэхдээ 2017, 2018, 2019 оны улсын төсөвт 82.4 тэрбум төгрөгийг тусгах учиртай байсан.

-2016 онд ТОСК-ийн зээлийн эргэн төлөлт хүндрэлд орчихсон байсан шүү дээ. Тэгвэл анхнаасаа тус компани улс төрийн нөлөөгөөр хүнд байдалд орсон гэж ойлгож болох уу?

-Тэгж харах үндэслэл бий. Учир нь Хөгжлийн банкнаас авсан санхүүжилтээр барьсан орон сууцыг түрээсийн хэлбэрээр иргэдэд ашиглуулах шийдвэр гаргаж санхүүжилтийг нь төсвөөс гаргахаар болсон ч үүнийгээ биелүүлээгүй. Ингэснээр ТОСК болоод Хөгжлийн банк хүнд байдалд орсон юм шүү дээ. Хэдийгээр түрээслэгч айл өрх төлбөрөө цаг тухайд нь төлж байгаа ч ТОСК-ийн зээлийн сард төлөх зээлийн хүүгийн төлбөрийн дөнгөж 70 хувийг л хангаж байна. Магадгүй улс төрийн зорилгоор амласан амлалтаа биелүүлэх хэрэгтэй боловч үүнд нь банк болоод төсөл хэрэгжүүлэгч хохирох ёсгүй. Манай банкны зүгээс Засгийн газар, БХБЯ, Сангийн яамд удаа дараа шаардлага тавьж байгаа.

-Тэгэхээр төсвөөс эргэн төлөгдөх учиртай 82.4 тэрбум төгрөг эрсдэл үүсгэх гол нөхцөл болж байгаа гэж ойлгож болох уу. 2017 оноос өдийг хүртэл ямар ч мөнгө төсөвт тусгагдаагүй юм байна, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Дөнгөж таван тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгасан. Тэр мөнгө нь ч өнөөдрийг хүртэл орж ирээгүй байна. Тиймээс дээрх 82.4 тэрбум төгрөгийн хүү өссөөр 100 орчим тэрбум болж байгаа юм.

-Танай банкнаас нэмэлт санхүүжилт хийж ашиглалтад оруулж байгаа орон сууцыг хэрхэн борлуулах вэ. Тэдгээр байрыг борлуулаад зээлээ эргэн төлөх хугацаанд нь багтааж амжих уу?

-Дутуу баригдсан орон сууцыг яаралтай барьж дуусган эдийн засгийн эргэлтэд оруулснаар ТОСК-ийн зээлийн эргэн төлөлт хэвийн болох учиртай. Үүний тулд орон нутгийнхантай харилцан тохиролцож тухайн барилгын хэдэн хувийг ипотекийн зээлээр, хэдийг нь түрээсийн орон сууц хэлбэрээр түүнчлэн хэдийг нь ахмадын орон сууцаар ашиглах вэ гэдгийг шийднэ. Мэдээж дээрх орон сууцууд ашиглалтад ороод хэдэн жилийн хугацаанд зээлээ төлж барагдуулах боломжтой вэ гэдгийг судалсан. Тиймээс манай банкны зүгээс таван жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг бүрэн төлж барагдуулах шаардлага тавьж байгаа юм.

-Хэдийгээр Монгол Улсын Хөгжлийн банк гэж байгаа боловч эрсдэлээс хамгаалах, зайлсхийх шаардлага бий. Тэгэхээр дараагийн удаад барилгын салбарт тэр дундаа гэр хорооллыг дахин төлөвлөх ажилд оролцох уу?

-Мэдээж агаар, хөрсний бохирдлыг бууруулах хамгийн том гарц бол гэр хорооллыг барилгажуулах. Энэ чиглэлд Хөгжлийн банк тодорхой хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж байна. Тус банкны хуулийн болон бодлого, журмын шаардлагыг хангасан гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүсэд баригдаж байгаа орон сууцны тодорхой төслүүдийг одоо ч гэсэн үе шаттайгаар санхүүжүүлж байгаа. Үүнээс гадна гадны банк санхүүгийн байгууллагуудтай хийж байгаа яриа хэлцлүүд бий. Тухайлбал, БНХАУ-ын Ерөнхийлөгч айлчлах үеэрээ манайд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж олгохоо илэрхийлсэн. Энэ хөрөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ суурьшлийн бүсийн дэд бүтцийг хийхэд зарцуулахаар тохирсон юм. Үүнтэй уялдуулан манай банкны зүгээс тухайн дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэсэн газарт барих орон сууцны барилгын санхүүжилт авах талаар хятадын хэд хэдэн томоохон банк санхүүгийн байгууллагатай ярилцаж тохиролцсон. Өөрөөр хэлбэл, баригдах орон сууцны хороолол болон иргэд түрээслээд өмчлөх боломжийг өгөх урт хугацаатай хүү багатай хөрөнгийн эх үүсвэрийг авах талаар яриа хэлцэл хийж  байна. Харамсалтай нь тухайн буцалтгүй тусламжийн мөнгөө дэд бүтэцдээ авч ашиглаж чадахгүй удааширч байгаагаас үүдэн бодит ажил болж чадахгүй хойшлогдож байна.

Д.Оюунчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.5.23  Пүрэв  №106  (6073)

 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна