Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлага томилогдооод нэг сарын хугацаа өнгөрч байна. Тус банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин өнөөдөр энэ хугацаанд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Монгол улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин: “Би энэ ажил дээр Засгийн газрын урилгаар томилогдсон. Хөгжлийн банкыг зөв зохистой бодлоготой болгох, ирээдүйн үе шатанд шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байна.
2019 оны нэдүгээр улирлын байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4 их наяд 244 тэрбум, чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум, өөрийн хөрөнгө 1 их наяд 133 тэрбум байна. Нийт зээлийн үлдэгдэл 2 их наяд 577 тэрбум төгрөг, эрсдлийн сан 336 тэрбум төгрөг байгаа бол чанаргүй зэлэийн хэмжээ 292 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шалгалт хийгдэж зөрчил илэрсэн компаниудын хувьд Эрэл ХХК 2015 оноос хойш зээлийн төлбөрөө хийгээгүй. Энэ асуудлыг бид эцэслэж шийдээгүй байна. Мон Лаа ХХК-тай эвлэрлийн гэрээ зурсан, зээл эхнээсээ төлөгдөөд явж байгаа. Хөтөл ХХК дээр улсын комисс ажиллаад барьцаа хөрөнгийг нь сайжруулах тал дээр ажиллана, үйл явц удааширвал шүүхийн шугамаар шийднэ.
Бид зээлийн бодлогыг шинэчилж, зээлийн багцын чанарыг сайжруулах тал дээр анхаарч ажиллана. Мөн үйл ажиллагааг зохицуулдаг журамд өөрчлөлт оруулсан. Зөрчилтэй зээлтэй ажиллах мэргэжилтнүүдийн орон тоог нэмэгдүүлж ажиллана. Хөгжлийн банкны зээлийг төлөхгүй байж болдог гэсэн ташаа ойлголт байдаг. Үүнийг эрс өөрчилнө. Татвар төлөгчдөөс зээлийн хөрөнгө бүрддэг учир заавал төлдөг гэж ойлгох ёстой. Зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болоод бодлогын шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгоно. Төсөл хөтөлбөрүүд эдийн засагт үр өгөөжтэй байх ёстой. 20 тэрбумаас дээш зээлийг шууд олгоно. Доош бол хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулна. Үүнээс гадна бид дунд, урт хугацаанд шаардлага хангасан Эрчим хүчний салбар, ХАА, Уул уурхайн бус экспортын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна Монгол улсын хүн амын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ" гэв.
Мэдээлэл хийсний дараа “Та өөрийн удирдаж байсан Хас банкинд давуу тал бий болгох ашиг сонирхлын зөрчлийн хууль үйлчлэх үү?” гэсэн сэтгүүлчийн асуултад, “Би Хас банкинд ямар ч давуу тал бий болгохгүй нь тодорхой" хэмээлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна