ОХУ-ын “Мир” бэлэн бус гүйлгээний картыг Монголд хэрэглэх боломж бүрдүүлнэ

Х.Батсайхан
2023/10/25

Аялал жуулчлал хөгжүүлэхэд бэлэн бус гүйлгээ хийх боломжоор хангах явдал чухал байдаг. ОХУ-аас Монголд зорчигсод энэ боломжоор хангагдаагүйгээс болж хүндрэлтэй учирдаг байсан явдал удахгүй арилахаар болжээ. Хоёр улс ОХУ-д ашиглагддаг “Мир” бэлэн бус төлбөрийн картыг Монгол Улсад ашиглах боломж бүрдүүлэх талаар хоёр улс тохиролцоонд хүрчээ.

Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар энэ асуудлыг шийдсэн талаар ОХУ-ын төлөөлөгчдийн ахлагч, Ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко мэдээлсэн байна.
“ОХУ-ын “Мир” эсвэл өөр ямар нэг бэлэн бус гүйлгээний картыг Монголд хэрэглэх боломжоор хангах асуудлыг хоёр тал дахиж ярихаар болсон” гэж тэрбээр онцолжээ. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлогын газрын дарга Т.Мөнх-Од өнгөрсөн хоёрдугаар сард энэ талаар өгсөн тодруулгадаа “Мир картыг Монголын хэрэглээнд нэвтрүүлэх бэлтгэл ажил бараг дууссан” гэж ярьсныг мэдээлэлд дурдсан байна.
“Мир” карт нь ОХУ-ын зонхилох бэлэн бус гүйлгээний карт бөгөөд одоогийн байдлаар Казахстан, Беларусьт ашиглах боломжтой юм байна. Дээрх хоёроос гадна өөр 10 улсад ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаагийн нэг нь Монгол аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна