Хөөсөрсөн бус хөрсөн дээр буусан төсөв батлуулах дээр Төв банкны Ерөнхийлөгч та юу хийж байна

2023/10/27

Хорь ч хүрэхгүй хоногийн дараа Монгол Улс ирэх 2024 оныхоо төсвийг батлах гэж байна. Хуулиараа бол УИХ жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор дараа оныхоо төсвийг батлах учиртай.

Тэгвэл ийм эгзэгтэй, чухал цаг үед ирэх оны төсөв иргэдийн амьдралд ээлтэй, улс орны эдийн засагт өгөөжтэй байх тал дээр нэгдсэн бодлого, чиг үүргээр хангаж ажиллах ёстой газар бол Монгол банк. Өөрөөр хэлбэл, Сангийн яамнаас боловсруулсан төсвийн төслийг сайтар шүүн тунгааж, ирэх оны Мөнгөний бодлоготой уялдуулах, улс орны эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг бодитоор харж, хөөсөрсөн бус хөрсөн дээр буусан тийм төсвийг батлуулах тал дээр Монгол банкны Ерөнхийлөгч манлайлан ажиллах ёстой. Гэвч бодит байдал дээр тийм зүйл огт алга.

Ганцхан жишээ. Өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “2024 оны мөнгөний бодлого”-ыг хэлэлцэх байв. Гэвч цаг тулсан энэ чухал асуудлыг хэлэлцүүлэхийг хойшлуулж, Монгол банк байгуулагдсаны 100 жилийн ойн асуудлыг хэлэлцэж, шагнал урамшуулал, тэмцээн уралдаанд шаардагдах зардлыг баталж байгааг юу гэж ойлгох вэ

Улс орны эдийн засгийн өмнө тулгамдсан амь тулсан асуудлаас илүү  ойн баяр чухал гэж үү. Хамгийн гол нь төсөв хэлэлцэгдэж буй энэ өдрүүдэд УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, хууль тогтоогч гишүүд, Сангийн яам, Төв банкныхан төвлөрч ажиллах ёстой атал юун баяр наадам бэ. Түүхэн ойгоо тэмдэглэлгүй яахав. Гэхдээ одоо цаг нь мөн үү.

Сангийн яамнаас оруулж ирсэн төсөвтэй Төв банкны Ерөнхийлөгч та танилцсан уу. Түүх эвдсэн гэж хэлж болох тийм өндөр зарлагатай, дэндүү өөдрөг төсөөлсөн орлоготой тийм төсвийг “цаадуул” чинь барьж байгааг анзаарсан уу. Та бүхний “Мөнгөний бодлого”-той тэр төсөв огтлолцож чадаж байна уу гээд олон асуулт ургаж байна. Үүнд Монгол банкны Ерөнхийлөгч  та юу гэж хариулах вэ. Ойн баяр ярьж явахаар ирэх оны Мөнгөний бодлогоо батлуулах тал дээр онцгой анхаарах цаг биш гэж үү.

Яах гэж Төв банк “Мөнгөний бодлого” баталдаг юм бэ. Та үүнийг маш сайн мэдэж байгаа. “Эдийн засгийн үйл ажиллагаа зөв явагдахад мөнгөний үүрэг маш чухал. Энэхүү үүргийг хангахын тулд Төв банкны мөнгөний бодлого нь инфляцыг тогтвортой бага түвшинд байлгаснаар төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах учиртай”-г мэдсээр байж Сангийн яамны боловсруулсан 2024 оны төсөв дээр таг чиг суугаад байгаагийн учир юу вэ.  

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.12
    2023/10/31

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

    Хариулах
  • 139.5.218.80
    2023/10/28

    Морь унасан толгойгүй хүн

    Хариулах
  • 103.57.93.44
    2023/10/28

    Энэ хүн юу ч хийдэггүй юу ч мэддэггүй ерөнхийлөгч хэмээгч монголын үндэсний валютыг аврах ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байсаар эдийн засгийг сэхэхгүй болтол унагалаа

    Хариулах