Манай улс анх газрын тосны ордтой болж, тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат дээлийнхээ энгэрийг мялааснаас хойш 30 жилийн дараа боловсруулах үйлдвэртэй болох гэж байна. Боловсруулах үйлдвэр ашиглалтад орохтой зэрэгцээд түүхий эдийн асуудал яригдана. 2014 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэхдээ Монголд олборлогдсон газрын тосыг давуу эрхээр худалдаж авах (олон улсын зах зээлийн үнээр) эрхээ баталгаажуулсан болохоор Боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон цагаас эхлэн “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлосон газрын тосны 60 хувийг авах боломж бүрдэнэ (Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу өөрт ногдох 24-28 хувь+”Петрочайна Дачин Тамсаг”-т ногдох хувь. Үлдсэн 40 хувийг ч давуу эрхээр худалдажу авах ёстой ч тэрхүү 40 хувийг "Өртөгт тос" буюу хөрөнгө оруулалтыг нөхөх зорилгоор ПЧДТ ХХК авсаар буй. Хөрөнгө оруулалт нь нгөхөгдөж дуусдаггүй). Олборлолтын хэмжээ гэрээнд заасан нөхцөлийг хангах хэмжээнд өсөхөд манайд ногдох тосны хэмжээ нэмэгдэх боломжтой. Гэхдээ нэмэгдлээ ч Сайншандын боловсруулах үйлдвэрийг бүрэн хангаж чадахгүй. Бүрэн хангахын тулд шинэ ордууд ашиглалтад орох зайлшгүй шаардлагатай. Эрх баригчдын зүгээс үлдсэн түүхий эдээ нөхөхийн тулд Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх арга хэрэглэхийг санал болгож буй. Гэхдээ энэ нь салбарын хөгжлийг хойш нь чангаах эрсдэлтэй тул дор багахан тайлбар оруулаад “Петрочайна Дачин Тамсаг” компанийн хууль зөрчсөн үйлдлүүдийг сануулахыг зорилоо.
“Петрочайна Дачин Тамсаг” Монголд хэрхэн орж ирсэн бэ
Энэ компани Монголд анх орж ирэхдээ л эрх баригчдаас ихээхэн дэмжлэгтэй байсан нь анхаарал татдаг. Одоо нэгэнт жишиг болж, өөрчлөхөд бодолтой хандахаас өөр аргагүй болсон Бүтээгдэхүүн хуваах гэрээг айлын талд ашигтайгаар байгуулахад ч энэ компанийн нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй. Тамсагийн ордоос газрын тос олборлож хуваах гэрээг АНУ-ын компани эзэмшиж байсан гэдгийг одоо мэдэхгүй хүн үгүй биз. Хангалттай нөөц илрүүлсэн тус компани газрын тос боловсруулах үйлдвэр барих зөвшөөрөл хүсэхэд манай томчууд зөвшөөрөөгүй гэлцдэг. Одоо баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийг тэр үед л барьчихаж болох байсан гэсэн үг шүү дээ. Ингээд оронд нь Петрочайна орж ирэн “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-гээр ажиллаж эхэлсэн түүхтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд зааснаар олборлосон бүх тосны 40 хувийг “Петрочайна Дачин Тамсаг” компани үйлдвэрлэлийн зардал болгон авч үлдэх эрхтэй. Үлдсэнийг нь гэрээний 8.3 дугаар зүйлд заасны дагуу хувааж авна. Гэрээний 8.3-т бүтээгдэхүүн хэрхэн хувааж авахыг зохицуулсан заалт бөгөөд
“1. Хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ нь 50 мянган баррелиас бага байвал Монголын Засгийн газарт 35%, гэрээлэгчид 65% ногдоно.
2. Хуанлийн сарын хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ нь 50 001 баррелиас 100 000 хүртэл баррель хүрсэн байвал Монголын Засгийн газарт 50%, гэрээлэгчид 50% ногдоно.
3. Хуанлийн сарын хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ нь 100 001 баррелиас их байвал Монголын Засгийн газарт 60%, гэрээлэгчид 40% ногдоно”
гэж заасан байдаг. Одоо УИХ-ын зарим гишүүн шүүмжилж байгаа нь үнэний ортой, дэндүү гэхэд дэндүү өгөөмөр гэрээ. Бас нэг сонин нь АНУ-ын компанид газрын тос боловсруулах үйлдвэр барих зөвшөөрөл өгөөгүй мөртлөө БНХАУ-тай байгуулсан гэрээндээ “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” гэсэн заалт оруулж өгсөн байдаг. Гэтэл “Петрочайна Дачин Тамсаг” компани сүүлд “Гэрээнд газрын тос боловсруулах үйлдвэр заавал барина гэсэн заалт байхгүй” гээд сууж байна. Дээр боловсруулах үйлдвэрийн талаар дурдахдаа төгс утгаар биш, “Яриа байдаг” гэхээс аргагүй болсон нь тус компанитай байгуулсан гэрээ одоо болтол олон нийтэд ил болоогүйтэй холбоотой юм. Орон нутгийн удирдлага, эрх бүхий байгууллага шаардахад хүртэл өгдөггүй гэж байгаа. Энэ компанийн Монголын хууль цаазыг уландаа гишгэсэн, үл тоосон байдал гаргаж байсныг нь тоочвол цаг хүрэхгүй.
Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр оролдох нь яагаад эрсдэлтэй вэ
Гэрээг өөрчлөх асуудал өнгөрсөн жил УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр яригдахад Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх талаар зарим гишүүн дуугарсан. Ер нь ийм бодолтой иргэд ч, улстөрчид ч олон байдаг.
Гэрээг Монголын талд ногдох тосны хувийг нэмэгдүүлж тогтоох нь мэдээж бидэнд ашигтай. Гэхдээ бодох юм бий. Бүтээгдэхүүн хуваах гэрээ бол ганц “Петрочайна Дачин Тамсаг”-тай холбоотой асуудал биш юм. Энэ бол гаднын хөрөнгө оруулагчдад тавьсан манай зарлал бөгөөд хөрөнгө оруулагчдыг дуудах “өгөөш” юм. Өөрөөр хэлбэл, Монголд газрын тосны хайгуулын чиглэлээр хөрөнгө оруулаад юм олбол энэ жишгээр гэрээ хийгдэх юм байна гэдгээ хөрөнгө оруулагчид мэдэж байна гэсэн үг. Үүргээ ч гүйцэтгэж байгаа.
Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 33 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар 28 талбайд 31 гэрээлэгч Засгийн газрын баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу ажиллаж байна (https://mrpam.gov.mn/article/4... ). Үүнээс Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК, БХГ-97 талбайд “Доншен Газрын тос” ХХК (Монгол), Матад XX талбайд “Петроматад” ХХК тус тус газрын тосны ашиглалт, олборлолт явуулж байгаа юм. Лондонгийн хөрөнгийн бирж “AIM”-д бүртгэлтэй “Петро Матад” компани бол үндэсний хөрөнгө оруулалттай бие даасан компани бөгөөд 2022 оны дундуур Монгол дахь “Херон-1” цооногоосоо анхны газрын тос олборлоно хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Майк Бак өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдэгдэж байсан. “Херон” цооногоос олборлох эхний хэмжээ нь өдөрт ердөө 500 баррель байхаар төлөвлөсөн ч 2024 он гэхэд өдөрт 6000 баррель болтол нь нэмэгдүүлэх урьдчилсан тооцоо байгаа. Харин тэр үед Сайншандын Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох төлөвтэй байгаа билээ.
Гурван жилийн өмнө тус компанийн монгол мэргэжилтнүүд “Матад-ХХ” талбайд өрөмдлөг хийж “Цэн тогоруу” цооногоос газрын тос нээн илрүүлсэн түүхэн үйл явдал болж байлаа. Ийм ирээдүйтэй явж байгаа салбараа унагах вий гэсэн болгоомжлол байгаа учраас Бүтээгдэхүүн хуваах гэрээг оролдохдоо хүрвэл бодолтой байх ёстой гэж байгаа юм. Өөрчлөхдөө тулбал хийчихсэн бэлэн загварууд байгаа.
Газрын тосны тухай хуулийг шинэчилснийхээ дараа манай мэргэжилтнүүд шууд Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг шинэчлэх ажилд орж байсан. Гэхдээ өөрчлөөгүй өнгөрсөн нь дээр дурдсан амжилтуудыг авчирсан ч юм бил үү. Харин гэрээлж орж ирчихээд хууль журмаас гадуур явж байгаа “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн үйлдлийг бол нэн даруй таслан зогсоох нь зөв. Энэ бол тусдаа асуудал.
“Сөрсөн базаа”
Давшилтыг няцаагаад, сөрөг давшилт хийж, байдлаа улам ч дээрдүүлэхийг хошин шогийнхон “Сөрсөн базаа” гэж нэрлэсэн байсан. “яах гээд яалгуулсан” ч гэдэг. Тэгвэл Хятадын компани энэ аргыг олон жилийн турш Монголын төрд хэрэглэсээр байна. Өөрөөр хэлбэл, манай эрх баригчид “яах гээд яалгуулсаар” иржээ.
Ерөнхий сайд Сү.Батболд 2011 онд Дорнод аймагт ажиллахаар явахад “Ерөнхий сайд С.Батболд Петрочайнагийн ажилтай танилцахаар явлаа. Яаж “будаа болгох” бол” гэсэн хүлээлт олон нийтэд үүссэн. Гэтэл гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардсаны хариуд "Манай илрүүлсэн нөөцийн гуравны хоёрыг Монголын Засгийн газар баталж, гуравны нэгийг нь батлаагүй. Бүгдийг батлахгүй бол хөрөнгө оруулалт орж ирэхэд саадтай байгаа. Нөөцийн асуудлыг бүрэн шийдэхгүй бол манай компанийн үйл ажиллагаанд нөлөөлж байна” гэсэн хариулт сонсоод буцсан.
Энэ уулзалтын үеэр Д.Одбаяр гишүүн "Газрын тос олборлохоосоо өмнө газрын тос боловсруулах дунд оврын үйлдвэр, хатуу хучилттай зам барина гэсэн юу болов" гэхэд үйлдвэрийн тухай асуудлыг ор тас орхиод “Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчны яам асуудлыг шийдэж өгөхгүйгээс болсон” гэж байх жишээтэй.
Хоёр жилийн дараа З.Энхболд УИХ-ын дарга байхдаа очиход зам, боловсруулах үйлдвэрийн аль аль нь байхгүй мөртлөө “Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа урт, төслийн эдийн засгийн үр ашиг бага. Долоон жилийн хугацаанд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн боловч нөхөн төлөгдөөгүй хөрөнгө оруулалтын хэмжээ 1.83 тэрбум ам.доллар болж байгаа. 2007 оноос хойш Гаалийн татвар, Нэмүү өртгийн албан татварын тухай хуульд удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулснаар газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд ашиглаж буй тоног төхөөрөмж, бараа материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, шатахуун, ажилчдын хоол хүнс, ахуйн болон хувийн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах болсон. 2010 оноос гадаадаас оруулж ирсэн ажиллах хүчний тоогоор ажлын байранд төлбөр ногдуулах болсон. Ойрын үед Монгол Улсын Засгийн газар Газрын тосны тухай хууль болон Газрын тухай багц хуулиудад их хэмжээний татвар хураамж оногдуулах, ашигт тосны хувь болон рояалтийн хэмжээг өөрчлөхөөр бэлдэж байна. Хэрэв эдгээр хуульд дээрх өөрчлөлт орвол компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй болж, алдагдал хүлээхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтаа нөхөн олж чадахгүй байдал үүсэхээр байна” гээд “Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ сунгана гэж найдаж байна” гэж “Сөрсөн базаа” хийсэн.
Ноднин /2022/ тус компанитай холбоотой, Монголын Засгийн газартай байгуулсан гэрээг одоогийн хууль тогтоомжид нийцүүлэх асуудал яригшдах үед УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадна, дотны хөрөнгө оруулалттай бүх аж ахуйн нэгжүүд тэгш эрхтэй, татвараа, нийгмийн даатгалаа төлөөд явах ёстой. Гэтэл гэрээгээр чөлөөлчихсөн. Манай хууль хяналтынхан, татвар, нийгмийн даатгалын байгууллага ажиллаад хууль тогтоомжийн дагуу төлбөр тавихаар Татварын ерөнхий газар, Маргаан таслах зөвлөл, шүүх зэрэг байгууллагуудаар явж байгаад замхраад алга болдог, хүчингүй болдог. Гэрээлэгч компанийн гаргаж байгаа тосноос экспортын татвар авдаггүй. Энэ компанийн оруулж ирж байгаа техник хэрэгсэл, ажилчдын хувцас, хоол унд, бүх зүйлүүдийг татвараас чөлөөлчихсөн. Ажилчид нь гадаадынх, орон нутгаас ажилчид авдаггүй. Сум, аймагтай ерөөсөө хамтарч ажилладаггүй, тэдний тавьсан шаардлагыг үл тоодог. Тэгсэн мөртөө дөрвөн тэрбумын хөрөнгө оруулаад 1.5 тэрбумын ашиг олсон гэж байна. Үүнийг нь тооцоод тодорхойлох боломж нөхцөл бүрдэхгүй" гэж хэлж байснаас үзвэл манайхан тэр үед хүсэлтийг нь ёсоор болгожээ.
Манай улстөрчдийг “Петрочайна Дачин Тамсаг” дарамталдаг уу
“Петрочайна Дачин Тамсаг” Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа мөртлөө хууль тогтоомжийг нь үл тоосон, тэр бүү хэл зөрчсөн үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Тэр ч байтугай “Засгийн газар хоорондын гэрээгээр орж ирсэн учраас Засгийн газар, Ерөнхий сайдтай л ярина, доод шатны байгууллагуудтай ярихгүй” гэж үл тоосон байдал ч гаргаж байв. 2014 онд компанийн төслийн талбай дээр гарсан галын үеэр энэ байдал тод илэрсэн.
Тэр үед Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаад гал алдсан атлаа Онцгой байдлын албаныханд “Бид өөрсдөө галаа унтраана, алдвал хариуцлагаа өөрсдөө хүлээнэ” гэж хэлсэн байдаг.
Ер нь “Петрочайна Дачин тамсаг” ХХК Монголд хэрхэн орж ирсэн, орж ирсэн хойноо хууль журмыг хэрхэн үл ойшоож байгааг нь харахаар БНХАУ манай эрх баригчдыг дарамталдаг байх гэсэн хар ч орж ирээд байдаг юм. Энэ компанийн асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэхийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “Петрочайнагийн асуудлыг нээлттэй хэлэлцэж болохгүй, алуулна шүү” гэж хэлсэн үг энэ хардлага оргүй биш гэдгийг харуулсан гэж бодож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.85
Gazar nutag deeree Huuli durmee batlaad Daam bailDaa
Хариулах66.181.187.73
Дорнот аймгийхан энэ сэргэлэнгээ хардаа. Өмнөөс ичиж үхмээр. Бас уур хүрмээр. Иймл мал биш хүнэнцэрийг сонгождээ та нар. За даа ер нь бүгд адилхан. Ийм юмнуудыг дахиж сонгох байтугай бараагий нь нэрийг нь ч сонсмооргүй байна. Тэр сү батболдыг хар. Нийгмээрээ гарын үсэг цуглуулж гадагш гаргасан алтаа нэхэж өөрийнх нь хөрөнгийг хурааж хариуцлагыг нь хүлээлгэх чстой
Хариулах91.166.54.44
Ямар дорой ард түмэн ,,авлигач гэмт хэрэгтнүүдийг дээрээ залчихаад хэрэг алга.
Хариулах31.173.84.224
Уншихаас гутарч үхмээр, мэдлэггүй, зориггүй дээр нь эх орноо гэсэн сэтгэлгүй өдөр хоног өнгөрөөгсөд.
Хариулах