Х.Нямбаатар: Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэн, шинээр 1200-1300 автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн

С.Гандэлгэр
2023/11/10

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын удирдлагууд хийгээд Улаанбаатар хотын худалдааны танхимын удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын такси үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй болгон, стандартад нийцүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Мөн шийдэл хүлээсэн тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, Худалдан авах ажиллагааны жишиг бичиг баримт боловсруулах эрхийг МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхимд шилжүүлэх хуулийн төсөл явж байгааг онцоллоо.

Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хууль болон дагалдах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хууль батлагдвал агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллах хүсэлтэй байна.

Авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд нийтийн тээврийн төрлийг боловсронгуй болгож, дэлхийн томоохон хотуудын жишигт нийцүүлнэ. Үүнийг төр дангаараа хийж чадахгүй. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэн, шинээр 1200-1300 автобусны парк шинэчлэл хийхээр төлөвлөсөн.  Эхний ээлжийн парк шинэчлэлийг хийхээр олон улсын нээлттэй тендер зарласан. Үнэлгээний хороо шуурхай ажиллаж, олон нийтэд нээлттэй байдлаар үнийн санал, тендерийн баталгаа, хүчинтэй хугацаа, стандарт, шаардлагыг танилцуулан, үнэлнэ. Метро барих ТЭЗҮ, зураг төслийн тендерийг зарлах бөгөөд  санхүүжилтийн 2-3 сонголт бий.

Уламжлалт нийтийн тээврийн хоёр дахь төрөл бол такси үйлчилгээ. 1996 оноос хойш хувийн аж ахуйн нэгжүүд таксины салбарт хэд хэдэн шинэчлэл хийж ирсэн. Харамсалтай нь 2007 оноос хойш нийтийн тээврийн хөгжих боломж жилээс жилд хумигдсаар, гол хоёр төрлийн нийтийн тээврийн шинэчлэл үр дүнд хүрээгүй. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс хийсэн судалгаагаар өдөрт дунджаар 80 мянга гаруй хүн хувийн такси үйлчилгээ үзүүлж байна гэх тооцоолол гарсан. Ийм байдлаар ямар ч хяналт, зохицуулалт, стандартгүй явж болохгүй. Тиймээс такси үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахын тулд нийслэлийн зүгээс ямар байдлаар зохицуулалт хийж, хувийн хэвшлээ дэмжиж болох вэ гэдгийг та бүхэнтэй хэлэлцмээр байна” гэв.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.125.66
    2023/11/13

    СУМЬЯАБАЗАР ЯГ ЮУ ХИЙЖ БАЙСАН ЮМ БОЛ...БОДООД ОЛОХГҮЙ ЮМ...ҮЕРИЙН ҮЕД ГЯЛАЛЗУУЛЧЬЯ Л ГЭЭД БАЙСАН ДАА....ГАЙХААД БАЙХЫН ....

    Хариулах
  • 66.181.184.88
    2023/11/12

    Таксинд суух орлоготой хүн хэдэн% байх болдоо

    Хариулах
  • 66.181.177.43
    2023/11/10

    Хотынх нь 1р эгнээ автобусаар дүүрээд тэг л зогсоно шд.энэ тэнэгүүдийг яаая даа байз

    Хариулах