Лалын шашныг эсэргүүцэгч нам Нидерландын сонгуульд яллаа

Х.Батсайхан
2023/11/23

Нидерландын парламентын сонгуульд лалын шашныг эсэргүүцдэгээрээ зартай улстөрч Герт Вилдерсийн тэргүүлдэг Эрх чөлөөний нам хамгийн олон буюу 35 суудал авчээ. Парламентад суудалтай болоод 25 жил өнгөрч байгаа тус нам энэ удаад гол өрсөлдөгч Зүүний эвслийг ялах магадлал өндөр болсон талаар ВВС мэдээллээ.

Тус улсын парламент 150 суудалтай. Герт Вильдерсын нам засгийн газраа байгуулахын тулд бусад нам эвсэлтэй хамтран суудлын тоогоо 76-д хүргэх учиртай. 26 суудал авсан зүүн жигүүрийн эвслийн лидер, Европын зөвлөлийн тэргүүн асан Франс Тиммерманс Засгийн газарт нь орохгүй гэдгээ мэдэгдсэн тул тэрбээр бусад намуудад санал хүргүүлэхээс аргагүй болсон бөгөөд энэ зорилгодоо хүрнэ гэдэгтээ эргэлзэхгүй байгаа юм. 

Дилан Ешигольцын тэргүүлдэг баруун төвийн эвсэл 23 суудал авсан ч Засгийн газарт орох эсэхээ дотооддоо ярилцаж шийднэ гэсэн байр суурь илэрхийлжээ. Суудлын тоогоор дөрөвт орсон шинэ намын дарга Питер Омцигт харин сонгуулийн өмнө Герт Вилдерстэй хамтрахгүй гэж байснаа сүүлд байр сууриа өөрчилжээ. 

Ингэснээр Недерландын улс төрийг ойрын дөрвөн жилд Герт Вильдерс, Дилан Ешигольц, Питер Омцигт гэсэн гурвал тодорхойлох нөхцөл бүрджээ.

Нексит болох уу

Герт Вильдерс нь гадаад төрхөөрөө “Голландын Трамп” /Голланд улс сүүлд нэрээ албан ёсоор Недерланд болгосон/ гэж алдаршсан. Гэхдээ улс төрийн үзэлд нь ч төстэй зүйл олон. Тухайлбал, цагаач иргэд, тэр тусмаа лалын шашинтнуудын эсрэг хатуу бодлого барьдгаараа зартай улстөрч аж. Тэрбээр шашны сургуулиудыг хаах, өмсгөл зүүсгэлийг хориглохыг уриалж, “Нидерланд бол лалын шашинтай улс биш” гэж тунхагладаг. Түүнчлэн Нидерландыг Европын холбооноос гаргах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулгыг явуулах зайлшгүй шаардлагатай гэж үздэг бөгөөд энэ бүхнийгээ зөвтгөж хэлдэг уриа нь ч Д.Трамптай адилхан, “Нидерланд бүхнээс түрүүнд” аж.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.63
    2023/11/25

    Европын орнууд исламын шашин цагаач дүрвэгсдийг эсэргүүцсэн улс төрчдийг сонгох хэрэгтэй.

    Хариулах