Саяхан ОХУ-д иргэний хариуцлагын талаар нэг сонирхолтой судалгаа явагджээ. Энэ судалгааны дүнд үндэслээд социологичид нь “Төр болон ард иргэдийн хоорондын харилцаа маш хурцадмал төвшинд байна” гэсэн дүгнэлт хийчихэж. Судалгаанд хамрагдсан иргэдийн 60 хувь нь төр засгаас гаргаж байгаа шийдвэрийн өмнөөс хариуцлага хүлээхийг хүсэхгүй байна гэж хариулсан юм байна. Өөрөөр хэлбэл, төр засгаас гаргаж байгаа шийдвэр санаанд нь нийцэхгүй байна гэж л дээ. Төрийн аливаа тушаал, шийдвэр бүх хүнд таалагдах албагүй. Гэхдээ талаас илүү нь төрийн тушаал шийдвэрийг таалахгүй байна гэдэг анхаарахгүй байхын аргагүй өндөр үзүүлэлт юм байна. Энэ үзүүлэлт 11 жилийн өмнөхөөс хоёр оронтой тоогоор өссөн гэнэ.
Мөн "Улс оронд яг юу болоод байна вэ" гэсэн асуултад илэн далангүй хариулахад бэлэн биш гэсэн хариу өгсөн иргэд 54 хувийг эзэлсэн нь 2008 оныхоос 22 хувиар өсжээ. Энэ нь тухайн улсад хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрх зөрчигдөж байгааг харуулна.
Өөр сонирхолтой үр дүнгээс дурдвал, санал асуулгад оролцогчдын 34 хувь нь зөв гэж үзсэн зүйлтэйгээ хэзээ ч зөрчилдөж байгаагүй гэсэн бол 25 хувь нь “Тухайн шийдвэр сайн сайхны төлөө” байсан учир, 15 хувь нь “Эрх баригчдын шахалт дор” үнэний эсрэг шийдэл гаргаж байсан гэдгээ хүлээсэн байна. Социологчидыг онцгой түгшээсэн бас нэг онцлог үр дүн нь “Зөв гэж үзсэн зүйлтэйгээ хэзээ ч зөрчилдөж байгаагүй” гэж хариулсан хүмүүсийн хувь хэмжээ огцом өссөн /34 хувь/ явдал байв. 10 жилийн өмнө иргэдийн 18 хувь нь л ингэж хариулж байжээ.
Социологич үүнийг “Энэ нь нэг талаар ухамсар алга болж байгаагийн илрэл, нөгөө талаас хариуцлага суларч, өөртөө сэтгэл ханамж нэмэгдсэний шинж бөгөөд аль, аль нь хэвийн бус үзэгдэл юм. Хүмүүс хийж байгаа зүйлээ буруу гэдгийг ойлгож байгаа ч өөртөө “гадны шахалт дор хийж байна” гэж итгүүлэх илүү дуртай байдаг. Энэ бол эрх баригчдын шахалт нэмэгдэж, төртэй эвлэрэхийг оролдож байгаагийн илрэл юм" гэжээ.
Нийгэм, эдийн засаг, улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал Дмитрий Бадовский “Энэ нь ямарваа нэг зүйлийг зөв, буруу гэсэн иргэдийн ойлголт цаг хугацааны явцад өөрчлөгддөгийг харуулах боловч, шударга ёсны эрэлт нэмэгдэж байгаагийн нэг үр нөлөө гэж тайлбарлаж болно” гэжээ.
Энэ жижигхэн мэдээг уншаад Монгол дахь төр, иргэний харилцааны талаар эргэцүүллээ. Аливаа улс социологийн маш чанартай судалгаа хийдэг хүрээлэнгүүд, үр дүнг нь тайлж уншдаг эрдэмтэд, түүнийг нь хурдан шуурхай, мэдрэмжтэйгээр хүлээж авч бодлого, үйл ажиллагаандаа ашигладаг төртэй байвал сайн сан гэсэн бодол орж ирж байна.
Монгол Улсад төр, иргэний харилцаа одоо яг ямар төвшинд байгааг үнэндээ мэдэх юм алга. Тодорхой судалгаа алга. Төр нь ч иргэн нь ч олон нийтийн сүлжээг барометр болгож ашиглахаас хэтрэхгүй байна. Олон нийтийн сүлжээнд олон хүн эсэргүүцэж байвал тушаал шийдвэрийг эргэж харах үндэслэл болно. Олон нийтийн сүлжээнд илэрхийлэгдэж байгаа байр сууриуд олон нийтийн санаа бодлыг тодорхой хэмжээнд илэрхийлэх ч сүлжээний гадна байгаа хэсэг бүлгийг орхигдуулдаг нь хэн ч тодорхой.
Ингэж олон нийтийн сүлжээнд хэт шүтсэнээр нийтэд хамаатай бодлогын шинчлэлт хийхээс илүүтэй нэг удаагийн, нэг иргэний хэргийг хэлэлцэж, тухайн хэрэгт тохирсон шийдвэр гаргаж, бүр сайндаа хэн нэгэнд хариуцлага тооцдог.
Харин ардчиллын шалгуур үзүүлэлтээр тодорхой дүгнэлт хийх боломжтой, маш ойлгомжтой асуулт бүхий судалгаа хэр олон байна вэ. Ер нь социологийн судалгаа, тэрхүү судалгаанд оролцож үнэн зөв хариулт өгөх нь ямар ач холбогдолтой вэ гэдэг ойлголт иргэдэд ч хомс байна. Тухайн судалгааны ач холбогдол нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байгаа нь иргэдийг судалгаанд хайнга хандахад хүргэж байхыг үгүйсгэхгүй.
Социологийн судалгаа бол бодлого боловсруулах, шийдвэр гаргахад хамгийн үнэн бодит мэдээллийг өгдөг. Олон нийтийн сүлжээ бол ийм байж чадахгүй. Жишээ нь, олон нийтийг жигшээсэн ганц нэг хэрэг дээр үндэслээд “Цаазын ялыг сэргээх хэрэгтэй” гэсэн уриалга явлаа гэж бодъё. Тухайн онц ноцтой хэргийг бүгд жигших тул дэмжиж байгаа мэт харагдах магадлал өндөр. Гэтэл үнэндээ бол цаазын ялыг сэргээх эсэх асуудлыг Шүүхэд итгэх иргэдийн итгэлтэй уялдуулах ёстой. Өнөөдөр Монголд Шүүхэд итгэх итгэл ямар байгааг илтгэх судалгаа алга. Хамгийн сүүлд 2017 онд хийсэн судалгаагаар иргэдийн 63.1 хувь нь л итгэж байна гэсэн судалгаа гарсан байдаг. Гэхдээ шүүхийн пи ар ч юм шиг, “Хэдэн жилийн өмнө 30 гаруй хувьтай байсан” гэсэн тодотголтой байж билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.205
Hun niigmiinhaa huvid hariltsaj baih Eos toi
Хариулах