Ши Жиньпин хэдэн жилийн өмнө ХКН-ын үндсэн дүрэмд өөрийн санаачилсан “Шинэ үеийг авчрах Хятад маягийн социализмыг хөгжүүлэх тухай Ши Жиньпиний үзэл санаа” гэгчийг тусгуулж, үзэл баримтлалаа өөрийн нэрээр нэрлүүлэн намын дүрэмд тусгуулсан гурав дахь (Мао Зэдун, Дэн Сяопин нарын дараа), амьд ахуйдаа ийм хүндлэл хүлээсэн хоёр дахь (Өмнө нь Мао Зэдун) удирдагч болж билээ. Намын дүрэмд өөрийн нэрээр оруулсан Ши Жиньпиний үзэл санаа нь Хятадын шинэ уриа лоозон болж, дунд сургуулийн сурагчид, коллеж, их сургуулийн оюутнуудаас эхлээд төрийн байгууллагын ажилтнуудын гол судлагдахуун, шинэ эринд хөтлөх зам заагч болж хувирсан.
Ши Жиньпиний эхлүүлсэн гээд байгаа “Шинэ эрин үе” гэдэг нь орчин цагийн Хятадын гурав дахь үеийн эхлэл гэсэн үг. Хүнээс өөр юмгүй шахам улсыг тусгаар тогтнуулж, улс шиг улс гэр болгож төвхнүүлсэн Мао Зэдун, эдийн засгийн нээлттэй бодлого баримталж, шинэчлэлийг хэрэгжүүлсэн Дэн Сяопины засаглалын жилүүдийг хятадууд “Эрин үе” хэмээн нэрлэж алдаршуулдаг байсан. Тэгвэл Ши Жиньпиний хөтөлж оруулах гээд байгаа “Шинэ эрин үе” буюу гурав дахь эрин үед Хятад улс дотооддоо эв нэгдэл, сахилга батыг улам бүр бататган бэхжүүлсэн, чинээлэг дундаж давхарга бүхий, олон улсын тавцанд тэргүүлэх үүрэгтэй улс болж хөгжих ёстой. Тодруулбал, зорилго нь тодорхой. Харин гадаадад хэрхэх вэ.
Түүний удирдлагаар БНХАУ илэрхий хүчирхэгжиж, АНУ-ыг түлхэн дэлхийн бодлого тодорхойлох их гүрэн болохоор тэмүүлж байгаа нь хүн болгонд ил тод болсон. Гэхдээ чухам хаана хүрэх вэ. Ши Жиньпиний алсын хараа, хүрэхийг хүссэн зогсоол нь яг хаана вэ, хэр хол вэ гэдгийг хэн ч таамаглаж чадахгүй байгаа. Тэгвэл түүний ирээдүйд хийх алхмуудыг БНХАУ-ын өнгөрсөнд туулж өнгөрүүлсэн замналаас хайж олох сонирхолтой санааг Оксфордын их сургуулийн Түүхийн тэнхимийн профессор Рана Миттер дэвшүүлжээ. “Ши Жиньпинийг удирдан чиглүүлж, алсын харааг нь тодорхойлж байгаа хүчин зүйлүүдийн дотроос хамгийн чухал нь Хятадын хар хайрцагны бодлого буюу өнгөрсөн түүх нь юм” гэсэн санааг тэрээр дэвшүүлсэн байна. Түүний зөв гэж үзээд одоо бүгдээрээ Ши Жиньпинийг бий болгосон, цаашид түүнээр дамжуулан Хятад хэмээх их гүрний бодлогод нөлөөлсөөр байх өв уламжлал, нөлөөлөл нь юу байж болох вэ гэдэг үндсэн сэдэвтээ оръё.
Күнзийн сургааль
Күнзийн сургааль нь 2000 жилийн турш Хятадын ард түмний оюун санаанд нөлөөлж, “хятад хүн” гэх ойлголтын чухал орц болж ирсэн. Тэрээр (МЭӨ 551-479) энгийн ард нийгэм дэх байр сууриа мэдэх, эрх мэдэлтэн, албан тушаалтнууд доодчуулаа халамжлах ёс суртахууны хэм хэмжээг бий болгосон. Күнзийн энэ үзэл санаа 1911 оны хувьсгал болж, сүүлчийн эзэн хаан унах хүртэл Хятадын нийгмийн амьдралд онцгой нөлөөтэй байв. Харин энэ явдлын дараа байгуулагдаж, улмаар улс орныг удирдсан Комммунист нам Күнзийн сургаалыг төдий ойшоодоггүй байсан юм. БНХАУ-ыг үндэслэсэн гэх Мао Зэдун гэхэд л засаглалын жилүүддээ (1949-1976 он) Хятадын уламжлалт сургааль, гүн ухаантай гүнзгий зөрчилдөж байв. Харин 1980-аад он буюу Коммунист нам бүрэн бэхжиж, улс гэр амирласны хэрээр Күнзийн сургааль Хятадын нийгэмд дахин нөлөөтэй болж эхэлсэн юм. Өнөөдөрийн хятад хүний үзэл санааны гол бүрэлдэхүүн хэсэг болох “Социалист үнэт зүйл” гэгч нь Күнзийн сургаалиас үүдэлтэй. Харин гадаад бодлогын тухайд, Күнзийн “Сайхан сэтгэл” гэгч ухагдахууныг гол үзэл баримтлалаа болгож байж болохыг Рана Миттер таамагласан байна. Циньхуагийн их сургуулийн профессор Ян Сюэтонг “БНХАУ-ын АНУ-аас ялгагдах гол зүйл нь ноёрхол биш, сайхан сэтгэлиийн угаас эрх мэдэлд тэмүүлж байгаа явдал юм” гэж бичжээ. Ши Жиньпиний “Дэлхийн хүн бүр нэг хувь заяатай” хэмээх үзэл санаа нь ч Күнз, Цуйфугийн үзэл санаа бөгөөд Ши Жиньпин олонтаа эшэлдэг байна.
Шившиглэл, доромжлол
XIX, XX зууны үед Хятадын амсаж туулсан эрс тэс байдлууд нь одоо ч хятад хүний оюун санаанд гүнзгий ул мөрөө үлдээсэн байдаг. 1800-гаад оны үеийн хар тамхины дайн, 1840-1940-өөд оныг доромжлогдсон зуун, шившигт эрин үе гэж үздэг аж. Сул дорой байдал нь тод илэрч, Европ, Японы дарлалд ээлжилж орон, газар нутгаа бусдад найр тавихад хүрч байсан болохоор арга ч үгүй. Энд өгүүлэн буй цаг хугацаанд хятадууд Хонконгийг Их Британид, Манжуурыг Японд алдаж байсан бол дайны дараа ЗХУ хүртэл Манжуур, Шинжаанд нөлөөгөө тогтоох гэж оролдож байв.
Энэ гашуун туршлага нь Хятадын гадаад бодлого, зорилгод хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал гүн гүнзгий сэжиг төрүүлдэг. Дайны үед Хятад нь өөрийгөө фашизмын эсрэг холбоотнуудын нэг гэж байсан бол дайны дараа гуравдагч ертөнцөд хамруулж, удирдагч Мао Зэдуны эрин үед “Гуравдагч ертөнцийн удирдагч” хэмээн өргөмжилж, 1970-аад онд Зүүн Африкт төмөр замын төслүүд хэрэгжүүлж байв. Орчин цагийн Хятад улс түүхийг ашиг сонирхолдоо ашиглах “Их үсрэлт”-ийн бодлого хэрэгжих 1958-1962 онд үхэл хагацал, өлсгөлөн гуйланчлал гээд юм, юм үзэж туулсан ч энэ талаар огт дурсдаггүй. АНУ-тай харилцаа хүйтэрсэн сүүлийн жилүүдэд 1950-1953 оны Солонгосын дайны талаар өгүүлсэн шинэ киног олноор бүтээж, түүндээ дайны нэрийг “Америкийг эсэргүүцэх дайн” гэсэн байх жишээтэй.
Марксизм
Марксизм-Ленинизм нь Хятадын улс төрийн сэтгэлгээнд гүнзгий ул мөрөө үлдээсэн бөгөөд Ши Жиньпиний үед улам ч хүчээ авсан гэж хэлж болно. Өнгөрсөн зуунд Мао Марксизмын мэтгэлцээнд дуртайяа оролцдог байсан бөгөөд заримыг нь амьдрал дээр туршиж үздэг байсан нь түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн юм. Тухайлбал, Мао засаглалын эхний жилүүддээ өрнүүлсэн “Ангийн тэмцэл” нь хөрөнгөтөн ангилалд багтсан сая гаруй хүний амийг авч одсон билээ. Ши Жиньпиний эрин үед ч тэд “Тэмцэл”, “Антагонизм” (улс төрийн үзэл бодлын хувьд нэг нэгнээ хүлээн зөвшөөрөхийн аргагүй хоёр ба түүнээс дээш эсрэг тэсрэг үзэл суртлын тэмцэл) гэдэг үгнээс уйдаагүй, ихээхэн дуртай хэрэглэсээр байгаа агаад үүнийгээ “социализм”, “капитализм”-ын ялгааг гаргасан шийдвэрүүд гарч, хэрэгжих үед энэ байдал илүү тод мэдрэгдэнэ.
Тайвань
БНХАУ дайтаад ялагдсаныхаа дараа 1895 онд Тайванийг Японд шилжүүлэн өгсөн бөгөөд япончууд 50 жилийн турш эзэн суусан түүхтэй. 1945, 1949 онд эх газрын Хятад богино хугацаанд өөртөө нэгтгэсэн ч 1950-1953 оны дайнд Хойд Солонгостой нийлэн Өмнөдүүдтэй дайтсанаар арлыг нэгтгэх боломжоо алдсан юм. Тэгээгүй бол Харри Трумэний засаг захиргаа Тайванийг Хятадад нэгтгэхийг дургүйцэхээргүй байсан гэдэг. Мао 1958 онд Тайванийн эрэг рүү цэрэг илгээсэн ч амжилт олоогүй. Түүнээс хойш энэ асуудал 20 гаруй жил хаалттай байж байгаад 1979 онд АНУ-БНХАУ-ын харилцаа сэргэсний дараа дахин анхааралд орсон. Тэр жил хийсэн хэлэлцээрээр “Нэг Хятад” байна гэдгийг АНУ хүлээн зөвшөөрсөн ч Тайпейг яг тусгаар тогтносон БНУ байх эсэх дээр тодорхой шийдэл гаргалгүй үлдээсэн нь өнөө ч үргэлжилж байгаа юм.
Тайванийн талаар баримталж байгаа Ши Жиньпиний бодлого нь БНХАУ хэзээ нэгэн цагт алдсан, авахыг оролдсон газар нутгаа авах л болно гэдгийг харуулж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.205
Erhem zorilgo Mordlog Eos surtahuun ajilchdiin hodolmorch zohiltoi zaalt
Хариулах