Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажил үргэлжилж байна

Х.Есү
1 цаг 23 минутын өмнө

Буцалтгүй тусламжийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд дэмжлээ. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Засгийн газар хооронд Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг 2023 онд байгуулж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн.

Монголын талаас шууд нислэг эхлүүлэхэд АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Нисэхийн аюулгүй байдлын аудит шалгалт (IASA), Тээврийн аюулгүй байдлын захиргааны аюулгүй байдлын үнэлгээнд тус тус хамрагдах шаардлагатай бөгөөд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд IASA шалгалтад хамрагдахад мэргэжлийн зааварчилгаа авах зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газраас сонгон шалгаруулалт зарлан АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай 2024 онд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажилласан.

Иргэний нисэхийн салбарын байгууллагууд зөвлөх үйлчилгээнээс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. IASA шалгалтад хамрагдах бэлтгэл ажлыг бүрэн дуусгах зорилгоор зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны санхүүжилтийг АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-аас санхүүжүүлэх яриа хэлэлцээ хийжээ.

Буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг АНУ-ын Засгийн газар, USTDA болон Монгол Улсын Засгийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд ойрын хугацаанд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Иргэний нисэхийн ерөнхий газар болон “The Wicks Group Consulting” компани хооронд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажлыг эхлүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.225
    15 минутын өмнө

    Америк руу нислэг хийхээр маш үнэтэй 2 онгоц авсан МИАТ компани нь аргаа бараад түрээсийн төлбөрөө дийлэхээ байгаад нэгийг нь гадаад руу түрээсээр гаргасан байгаа шүү Манай иргэний нисэхийн эхийн удирдах газар нь шалгалтаа даваагүй, мэддэггүй, ажлаа хийдэггүй дотроо мэдэхээ байгаад гаднаас хүн, чадалтай, чадвартай мэргэжилтэн хайж суудаг болсон маш том эмгэнэл

    Хариулах