100 хувь хүрэх ЗАМНАЛ: Хуванцрыг дахин боловсруулах гинжин хэлхээ бий болгох нь

Х.Есү
2026/02/04

М-Си-Эс Кока-Кола компани 2030 он гэхэд борлуулсан бүтээгдэхүүний бүх саваа цуглуулж, 50 хувийг нь дахин боловсруулж ашиглах зорилт тавиад байгаа билээ. Тэгвэл тус компани түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл Монголд 100% дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүнийг зах зээлд тун удахгүй танилцуулах гэж байна.


Ийнхүү Монголд анх удаа дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүн нэвтрүүлэхийн тулд М-Си-Эс Кока-Кола компани олон нийтийн дадал хэвшилд нөлөөлөх, хуванцар ангилж, цуглуулах кампанит ажлыг 2022 онд эхлүүлсэн байдаг.

Монгол улсад хог хаягдлын менежмент сайтар хөгжөөгүй, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд хогоо ангилан ялгах, ангилсан дахиврыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх тогтолцоо хараахан бүрэлдээгүй цаг үед эхэлсэн тэдний ажил олон сорилт, хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсан байдаг. Иймээс М-Си-Эс Кока-Кола компани “Ти Эм Эл” үйлдвэр болон хуванцар цуглуулалт, тээвэрлэлтийн “SESL” компанитай хуванцрыг дахин боловсруулах гинжин хэлхээг орон даяар бий болгох ажлыг хамтран өрнүүлсээр буй юм.

Ийнхүү төдийгөөс өдий хүртэлх дөрвөн жилийн хугацаанд хуванцраа анхдагч эх үүсвэр дээрээс нь ангилж, цуглуулдаг 1610 харилцагчийг улс орон даяар бий болгож чаджээ.

Түүнчлэн жил бүр ус, ундааны хуванцар цуглуулалтын түвшнийг тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний дүнтэй харьцуулж гаргадаг бөгөөд 2025 оны байдлаар М-Си-Эс Кока-Кола компанийн хуванцар цуглуулалт 50.2 хувьд хүрсэн байна.

Энэхүү туршлагаа хуваалцахаар М-Си-Эс Кока-Кола компани өнөөдрийг хүртэл туулсан зам, тулгарсан бэрхшээл, хүрсэн ололт амжилтаа танилцуулах “100% хүрэх замнал” кампанит ажлыг эхлүүлээд байна. Тогтвортой хөгжил гэдэг нь нэг удаагийн амжилт, шийдлээр хэмжигдэх ойлголт биш тул өнгөрсөн хугацаанд тулгарсан асуудлуудад шийдэл эрэлхийлж, туршин суралцах замаар шат ахиж буй замналыг хамтдаа сонирхоцгооё.

100% хүрэх замнал