Баячуудад ээлтэй шүүх буюу “Нөлөөтэй айлууд”-ын муу нөлөөлөл

Zuv.mn
2 цаг 16 минутын өмнө

Олон нийтэд “Нөлөөтэй айлын хүүхдүүд зодолдсон” гэх нэрээр танигдсан, “Таванбогд” группын эзэн Ц.Баатарсайханы хүү  "Говь" компанийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан, "Эрэл" группын захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Д.Саяннямбуу нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс:

-Ц.Санжаачойпэл Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт холбогдох танхайн хэргийг хэрэгсэхгүй болгож,  Д.Саяннямбууд эрүүл мэндийн хохирол учруулсан гэм буруутайд тооцох,

-Ц.Санжаачойпэлийг нэг жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, 

-Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа. Мөн тэдний цагдан хоригдсон хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцохоор болов. 

Хохирсон, хохироосон аль, аль тал нь гомдол саналгүй учраас талууд энэ хэргийн талаар дахиж шүүхээр маргахгүй нь тодорхой болсон. Харин нийгэмд нэлээд маргаантай сэдэв шидчихлээ.

Яагаад гэвэл, нэгд тэдний ял хөнгөдлөө.  Залууст прокуророос Эрүүгийн хуулийн 11.4-1, 11.6-1, 20.16-1 дэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс эхний хоёр буюу бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэсэн зүйл ангиудыг хэрэглэж, сүүлийн 20.16-1, олон нийтийн амгалан тайван байдлын эсрэг гэмт хэрэг гэсэн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хүндрүүлэх нөхцөл байдлыг оруулж ирсэнгүй. Ухаангүй хэвтэж байгаа хүнийг өшигчиж зодсон гэдэг дээр Эрүүгийн хуулийн “10.1.2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж” гэдэг зүйлчлэл оруулж ирж болохоор л санагдана.  

Хүний мууд дурлаж байгаадаа биш, ингэж сайтар шалгаж, шүүж, хүндрүүлэх нөхцөл, боломжуудыг оруулж ирж, сүүлд нь хоёр гурван шатны шүүхээр хэлэлцэх нь танин мэдэхүйн ач холбогдолтой, залууст сургамжтай байх байв.

Шүүх иргэдэдээ ялгамжтай хандаж, үнэлэмжээ унагачихлаа. Шүүхийн нэг үүрэг нь алдаж эндсэн, хальт гишгэсэн нэгэнд юм бодогдуулж, дахиж буруу үйлдэл хийхгүй болгох, амин сүнс нь хэрэгтэн хэн байхаас үл хамаарч, шударгаар шийтгэл ногдуулах явдал.  Бусад руу халуун ус цацаж шалзалсан жүжигчин Ц.Алдармаад анхан шатны шүүхээс долоон жилийн ял оноож, давж заалдах шатны шүүхээр шийдвэр гаргаж байсан нь үүний нэг жишээ гэж боддог. “Нөлөөтэй айл”-ын хүүхдүүдийн хэрэг дээр шүүхийн энэ үүрэг ч амин сүнс нь ч харагдсангүй.  

Эрүүгийн хуулийн 11.4 буюу “Нөлөөтэй айл”-ын хүүхдүүдын үйлдсэн шиг /ЭХ-ийн 11.4/ хэрэг улс даяар өдөр болгон шахуу шүүхээр таслагддаг. Хамгийн багадаа л нийтэд тустай хөдөлмөрийг хэдэн зуун цагаар хийх ял, тэгээд 1-3 жил хоригдох ял өгч байгаа. Shuukh.mn цахим хуудас дотор дүүрэн бий, орж үзэж болно. 

Харин “Нөлөөтэй айл”-ын залууст зорчих эрх хязгаарлах ял өглөө. Дүүрэг ч биш, хот ч биш, улсаас гарах эрхийг хязгаарлах төдийгөөр толгойг нь “илээд өнгөрөв”. Энэ “дабль стандарт” гэж нэрлэдэг ялгавартай шийдвэрээрээ мөнгөтэй айлын хүүхдүүдийг шүүх жишиг тогтоож байгаа юм биш байгаа гэж хардлаа.  

“Нөлөөтэй айл”-д талтай хандсанаараа Шүүх засаглал, цаашлаад төрд итгэх итгэлийг унагаад хаячихсан нь хэнд ч нууц биш болов уу. 

Баячуудын хүүхдүүдээр тоглуулж, хохирох вий гэсэн айдастай ээж, аавдуудад шүүхийн шийдвэр найдвар төрүүлсэнгүй, эсрэгээр нь хугалаад хаячихлаа. Харин баячуудад найдвар төрүүлсэн жишиг тогтоож өгч байна.  

11.4 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар;

2.2.хохирогчийг тохуурхан доромжилж;

2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.182.41
    8 минутын өмнө

    Өмгөөлөгч Амарсайханыг захирал тул ялаас хэлтрүүлж өгнө үү гэх үг хэлсэн Гэтэл хууль иргэдэд тэгш үйлчлэх бдаг Мөн Мэргэн гэх залуу дандаа мөнгөтэйд үйлчилддэг нь сонин Ядарсныг ялладаг шүүх хэрэггүй санагдлаа Дээрээсээ доод шат хүртлээ ялзарсан бна даа Мөнгөтөнгүүд мөнх бх юм шиг загнацгаах нь хэрээс хэтэрлээ Үр саддаа гай болцгоож үеийн үед шившигтэй амьдарцгаах схан бх уу даа

    Хариулах
  • 172.59.189.210
    21 минутын өмнө

    Сагацан баячуудын хүүхдүүдэд маш их урам зориг өглаа Монголын шүүх… одоо тэд нар улам оодорно до.. Шүүх-д бүү итгэ !!!! Монголчууд аа…

    Хариулах