2024 оны бэрхшээл: Эрчим хүч+шатахуун, дизелийн түлшний дутагдал

Х.Батсайхан
2024/01/09

-Эдийн засгийн өсөлтийг хангах бололцоо, бодит байдал-

Монголчуудын ихэнх нь манай улс жилд сая орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн ерөнхий ойлголттой явдаг. Цар тахлыг хүртэл үнэхээр ч тийм байсан. Тэгвэл цар тахлаас хойших хоёр жилд манай улсын хэрэглээ эрс нэмэгдэж, жилд хоёр сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэх графикт орсон байна. 

Ашигт малтмал, газрын тосны газраас Монгол Улс 2023 оны арванхоёрдугаар сард 150,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон гэж зарлав. Дизелийн түлш өнгөрсөн оны мөн үеийнхээс 36 хувь, Аи92 шатахууных 10 хувиар нэмэгджээ.

Хэрэглээ нэмэгдэхэд уул уурхайн салбарын өсөлт, ашигт малтмалын олборлолт, экспортын хэмжээ өссөн нь голлон нөлөөлсөн гэж буй. Энэ жил манай улс ган нүүрс дээр гэхэд огцом өсөлт үзүүлж, 60 сая тонныг экспортолсон. Цаашдаа үргэлжлүүлэн өсгөж, 100 сая тоннд хүргэх зорилт бий. Зөвхөн Өмнөговь аймагт гэхэд ашиглалтын болгоход бэлэн 90 шахам хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа гэж бодохоор ирэх жилүүдэд манай уул уурхайн салбарт 2011 оны тэсрэлт давтагдах бодит боломж үүсээд байна. Хүлээгдэж буй энэ өсөлтийг хангахад тулгамдах гол бэрхшээл нь харин эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний хүрэлцээ хангамж байх нь одооноос тодорхой болоод байна.

Эрчим хүчний тухайд, манай улс ОХУ-аас авах хэмжээ нь 350 МВт-аар хязгаарлагдсан. Нэмэлтээр нийлүүлж чадахгүй гэдэг анхааруулгаа өнгөрсөн сард өгчихсөн байгаа. Нэг талаар дайн байлдаан гэсэн том эрсдэлтэй, нөгөө талаар Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлтээр Монголтой өрсөлдөгч учир яриа хэлэлцээр хийгээд ч нэмэх магадлал багатай. 

БНХАУ-аас импортлох боломж бий ч үнэ тарифын хувьд ярилцах асуудлууд бий. Товчхондоо, энэ жилээс Засгийн газар иргэдээ бодох уу, эдийн засгаа /экспорт/ бодох уу гэсэн ацан шалаанд зайлшгүй орно. Сонгууль хүртэл иргэдээ, цаашдаа эдийн засгаа бодох болов уу.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.119.205
    2024/01/09

    уул уурхай явуулж байгаа газруудыг тухайн газартаа эрчим хүч, дулаан түгээх үйлдвэртэй болохыг дэмжиж ажиллахыг уриалмаар юм даа. ажлын байр ч нэмэгдэнэ. ер нь аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна шүү дээ. хүн бүр ажилтай орлогтой болмоор байна. өрхийн санхүүд эерэг үзүүлэлтийг авчрах талаар шийдэл гаргаасай

    Хариулах