​ САЙН МЭДЭЭ: Хүн амын дундаж нас залуужиж байна

Х.Батсайхан
2024/01/16

Хүн амын дундаж наслалт уртсах нь улс орны хөгжлийн нэг үзүүлэлт гэж тооцогддог ч алсдаа эдийн засгийн асар хүнд ачаа болж буудаг жишиг бий. Тэтгэвэр авагч, хөдөлмөр эрхлэгчдийн зохистой харьцаа алдагдсан улсуудын эдийн засгийн өсөлт саарч, бүр буурах нь ч бий. Эдийн засгийн өсөлт рүүгээ хийх мөнгөө тэтгэвэрт өгч, улмаар ерөнхий сайд нь ард иргэдээсээ “Өндөр наслахгүй байх”-ыг гуйж байсан Японыг энд жишээлж болно. 

Манай улсын тухайд, энэ аюул харьцангуй хол байсан ч хөгжлөө дагаад хүн амын насны харьцаанд өөрчлөлт гарч, залуучууд их, хөгшчүүд олонтой улсад илүү ээлтэй байдаг “Тэтгэврийн эв хамтын тогтолцоо”-гоо өөрчлөхөөр ажиллаж байгаа билээ. Олон улсын валютын сан “Стэнд бай” хөтөлбөрт хамруулахдаа манайд 2030 он гэхэд байдал маш хүндрэх учир “Тэтгэвэрт гарах насыг нэмэх” зөвлөгөө өгч, хэрэгжээд явж буй. 

Тэгвэл энэ хугацааг холдуулах нэг эерэг статистик гарчээ. Монгол Улс хүн амын дундаж нас 27.1 гэсэн үзүүлэлтээр дэлхийд 126 дугаарт жагссан байна. Нигери 15.1, Уганда 15.5, Мали 16.0 дундаж настай гэдэг үзүүлэлтээр тэргүүлсэн бол Япон, Герман 46.1 үзүүлэлтээр сүүл мушгижээ. 

"Дундаж нас"-ны газрын зураг

Эндээс Африкийн улсууд хамгийн залуу хүн амтай гэдэг нь харагдаж байгаа бөгөөд Руанда, Угандагийн хүн амын талаас илүү нь 16 нас хүрээгүй, Мали Улсад дундаж нас нь яг 16 байсан бол Малави, Замби зэрэг өөр олон улс дэлхийн дунджаас доогуур үзүүлэлттэй байна. 

Дэлхийн хэмжээнд аваад үзвэл дундаж нас 30 орчим байгаа бол хамгийн өндөрт нь Япон, Герман дээр нэмээд Итали /44.5/, Австри /44.3/, Виржинийн арлууд /44.2/ оржээ. 

Монгол Улсын хувь, 2023-2024 оны үзүүлэлт 27.1 гарсан нь манайхыг Зүүн Өмнөд Азидаа хамгийн залуу улс болгожээ. Гэхдээ хамгийн баярлууштай нь, манай улсын хүн амын дундаж нас залуужих чигт явж байна. Тодруулбал, 2020 онд 29.8 байснаа 27.1 болжээ. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүн ам жил ирэх тусам залуужиж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.134
    2024/01/16

    Европын хүн ам өсөөчээ.

    Хариулах