УИХ-ын намрын чуулганаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийг эцэслэн баталлаа.
МУ-ын хүн амын нас баралтад амьдралын буруу хэвшил чанаргүй хүнснээс үүдэлтэй зүрх судасны тогтолцоо, хавдар болон хоол боловсруулах эрхтний өвчин зонхилж статистик мэдээгээр 2023 оны байдлаар 65 хувийг эзэлж байна. Хоол хүнс, өдөр тутмын хэрэглээ чанартай баталгаатай байна гэдэг нь биологи, хими, физикийн аливаа аливаа хорт бодисоор бохирдоогүй байх юм. Хүн зөв зохистой хооллох, хоол хүнсний чанар баталгаажилт, хаяг шошгоны талаарх мэдлэг мэдээллийг авах, органик үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих нь чухал юм.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 2.5-д “Хүнсний хангамж, нийлүүлэлтийн үйл ажиллагаанд тавих эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт, шаардлагыг боловсронгуй болгож, баталгаат хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой систем бий болгон органик, баяжуулсан, зохицуулах үйлчилгээтэй болон эрүүл хүнсний хэрэглээтэй болно” гэх, УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолд “....газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож байгаа урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах...”, манай улс 2030 он гэхэд нийт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулах зорилт тавьсан нь Хүнсний хувьсгалын эхлэл юм.
Манай улсад 2022 оны байдлаар 715 органик бүтээгдэхүүнийг 348 органик үйлдвэрлэл эрхлэгч үйлдвэрлэснээ www.organic.mofa.gov.mn сайтад бүртгүүлсэн байна.
Органик бүтээгдэхүүний тухай хууль нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах, баталгаажуулах, бүртгэх, органик болохыг илэрхийлсэн тэмдэг хэрэглэх, сурталчлах, худалдаалах, органик үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулна. Энэхүү хуулиар органик үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс дараах дэмжлэг, урамшуулалыг үзүүлнэ.
1. Органик хүнс үйлдвэрлэгч ААНОАТ эхний 5 жил 100 хувь, даргаагийн 5 жил 50 хувь хөнгөлөх.
2. Шилжилтийн үеийн баталгаажуулалтын зардал;
3. Дотоодод үйлдвэрлэсэн, баталгаажсан, мэдээллийн санд бүртгэлтэй органик бордоог тариалангийн талбай, хүлэмжиндээ ашиглах тохиолдолд органик үйлдвэрлэл эрхлэгчийн бордоо худалдан авсан эхний гурван жилийн зардал;
4. Сургуулийн өмнөх болон бүх шатны боловсролын байгууллагын дэргэд органик туслах аж ахуйг хөгжүүлэх;
5. Баталгаажсан, мэдээллийн санд бүртгэлтэй органик бүтээгдэхүүнийг экспортолсон тохиолдолд үйлдвэрлэл эрхлэгчийн хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-иас доошгүй хувьд хүүгийн дэмжлэг үзүүлэх;
6. Дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж нутагшуулан шинэ нэр төрлийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн нь заасны дагуу нотлогдсон тохиолдолд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгох;
7. Органик бүтээгдэхүүнтэй холбогдох мэдээлэл, сургалт, сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлэх.
Органик бүтээгдэхүүний тухай хууль батлагдсанаар байгаль орчин, эко систем, хүний эрүүл мэндэд ээлтэй органик үйлдвэрлэлийг дэмжин зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах, бүс, орон нутгийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, органик хүнс, бүтээгдэхүүнээр хүн амаа хангах, экпортод ба органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд экспортод өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүнснээс шалтгаалсан өвчлөл багасах зэрэг чухал ач холбогдолтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.51
Хятадаас хүнсний ногоо оруулж ирээд л байх юм. Органик юм уу
Хариулах