Хөгжмийн зохиолч Никита Богословский ЗХУ-ын үед “Хууралт, тоглоом шоглоомын хаан” хэмээн хүлээн зөвшөөрөгдөж явсан нэгэн. Тэрээр ард нь үүсэх үр дагаварын талаар бодолгүй элдэв хачин, гэхдээ маш ухаалаг донжтой наргиа, тоглоом шоглоом хийдгээрээ алдартай. Никита Владимирович амар амгалан амьдралыг илүүд үздэг, тиймээс ч ойр зуурын элдэв бэрхшээл, саадыг хүндээр хүлээж авдаггүй байв. “Өнөөдөр хэцүү санагдаж байгаа зүйл хоёр өдрийн дараа юу ч биш болж хувирна гэдгийг мэднэ. Харин би хоёр долоо хоног хүлээсэн ч чадна” гэж хэлэх дуртай байжээ. Тэдгээрээс ихэд дуулиан үүсгэсэн гурвыг нь энд орууллаа.
Н.Богословский
“Махны машин” ажиллуулсан нь
Монголчуудын сайн мэдэх “Хаврын 17 учрал” кино 1973 онд дэлгэцэнд гарч, “Маш сайн бүтээл болсон” гэсэн магтаалд умбаж эхлэх үед ЗХУ-ын Хөгжмийн зохиолчдын хорооны дарга Тихон Хренников “Миний хөгжим танай кинонд амжилт авчирсанд баяртай байна. Фрэнсис Лей” гэсэн бичигтэй ил захидал хүлээн авчээ. Захидал ирсэн даруйдаа бөөн шуугиан дэгдээсэн нь тодорхой. Киноны хөгжмийг бичсэн Микаэль Таривердиевыг бусдын бүтээл ашиглан эх орны нэр хүндийг гутаасан хэмээн буруутгах “махны машин” юу, юугүй ажиллаад эхлэв.
М.Таривердиев
Тагнуулын байгууллага түүнийг Фрэнсис Лейтэй ямар холбоотой болохыг тогтоохоор шуурхайлав. М.Таривердиев Парис руу утасдаж Франсис Лейтэй холбогдож, “Тийм захиа огт явуулаагүй” гэсэн ам авчихаад байхад ч “махны машин” зогсох янзгүй байсан гэдэг билээ. Захиаг бичсэн гар нь мэдээж Никита Богословскийнх байв.
Зөвлөлтийн Мэдээллийн товчооноос...
Зохиолч Виталий Губаревт түүний тоглоом мөн л гашуун тусчээ. Никита Богословский домогт нэвтрүүлэгч Юрий Левитантай хуйвалдаж, В.Губаревыг Сталины одонгоор шагнасан гэсэн утгатай урьдчилан бэлдсэн текстийг уншуулан хальсанд бичүүлж авчээ. Дараа нь зохиолчийн гэрт албаар баахан хүн амьтан цуглуулж, бяцхан үдэшлэг маягийн үйл ажиллагаа зохион байгуулсан байна.
Хүмүүсийн шуугиан арай намдсан үед тэрээр магнитофон руу явж очоод радио асааж байгаа юм шигээр магитофоны асаав. Юрий Левитаны танил дуу хоолой “Зөвлөлтийн мэдээллийн товчооноос ярьж байна. Утга зохиолын салбарт Борис Андреевич Лавреновыг Сталины нэгдүгээр зэргийн одонгоор, Виталий Георгиевич Губаревыг “Павлик Морозов” бэсрэг жүжиг бичсэнийх нь төлөө Сталины гуравдугаар зэргийн одонгоор шагнажээ...” хэмээн хүнгэнэсний дараа зохиолч мэдээг нь гүйцэд сонсолгүй шахам дэлгүүр рүү гүйн гарч оргилуун дарс бас бус юм авчирсан аж.
В.Губарев
Мөнгийг ч харамгүй цацжээ. Баяр хүргэлт, ууж идэлт дуусч, зочид явсны дараа Н.Богословский хоёр дахь бичлэгийг тавилаа. Юрий Левитан “Шагнал хүртэгсдийн нэрийг дахин хэльё...“ хэмээн өмнө хэлсэн нэрсийг хэлснээ “...Виталий Георгиевич Губаревыг “Павлик Морозов” бэсрэг жүжиг бичсэнийх нь төлөө... Юугаар ч шагнасангүй” хэмээн дуусгасан гэдэг.
Наргих мөнгөө олсон нь
“Правда” сонины 1952 оны нэгэн дугаарт Н.Богословскийн сайн найз, хөгжмийн зохиолч Соловьев-Седойд “Москва орчмын үдэш” буюу “Подмосковные вечера” дуу зохиосны учир төрийн шагнал хүртээсэн тухай мэдээ гарчээ. Тэрээр мэдээг олж уншмагцаа Соловьев Седойн нэрийн өмнөөс ЗХУ-ын Хөгжмийн зохиолчдын хороонд захидал бичиж, уран бүтээлийг нь мөнгөн хэлбэрээр үнэлэхийг хүсээд өөрийхөө хаягийг тавьж орхижээ. Хороо хүсэлтийг нь хүлээн авч, зохих хэмжээний урамшуулал илгээсэн нь Н.Богословскийн төсөөлснөөс ч хамаагүй их буюу 10 000 рубль байв.
Тэрээр мөнгө хүлээж авмагцаа дотны нөхөд болох яруу найрагч Михайл Светлов, зохиолч Юрий Олеш нарыг дуудаж, тансаг ширээ засан найрлаж эхэлжээ. Хамгийн инээдтэй нь, Соловьев Седой хөгжмийн зохиолчдын хорооноос юу болсныг олж мэдмэгцээ л “Салхи хаанаас үлээж байгааг” дор нь мэдэж, Н.Богословскийнх руу тавьж хүрсэн гэдэг.
Соловьев Седой
Н.Богословкий ч ямар нэг арга саам хэрэглэсэнгүй. Амттан шимттэнээс гадна боодолтой мөнгө дэлгэн тавьсан ширээнд урихад Соловьев Седой мөнгийг аваад юу ч хэлсэнгүй гарч одсон байна. Гэрт байгсад түүнийг маш их уурлаж дээ, хэрэг бишидлээ хэмээн санаа зовнингуй сууж байтал 25 минутын дараа хаалганы хонх дуугарчээ. Онгойлгоход Соловьев Седой инээмсэглэчихсэн зогсч байсан гэдэг юм. Тэрээр найзынхаа авхаалж, сэргэлэн занг шагнахаар бүтэн хайрцаг коньяк тэвэрсэн байсан гэдэг билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна