Цэргийн арслан Г.Жамбалдоржийн гэргий Т.Эрдэнэтуяа: Дахиад нэг жил хичээгээд үзье, хань минь

Zuv.mn
2024/07/13

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харъяат, цэргийн арслан Г.Жамбалдорж ноднин наадмаас эхлээд монголчуудын хамгийн сайн таньдаг бөхчүүдийн нэг болсон билээ. Балчирхан ч гэлээ бөх хүний зовлон жаргалын зах зухаас амсаад үзчихсэн хүү нь тавын даваанд маргаантай унасан аавынхаа төлөө харамсан уйлж буй зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд тарснаас хойш Г.Жамбалдорж арслан спортын, тэр дундаа бөх хүний хөдөлмөр амар биш, баярлаж, бахархах ч, харамсаж харуусах ч зүйл ихтэй гэдгийг монголчуудад ойлгуулсаар яваа. Ноднин наадмын дараа төрөлх Хүрээмарал сумынхаа 100 жилийн ойд хүүтэйгээ очиж, хамт түрүүлэн монголчуудыг огшоосон Г.Жамбалдорж арслан энэ жил начны даваанд гурван бөхөөс ам авсан ч өвдөг шороодож, бөх хүний замнал дардан биш гэдгийг дахин нэг харуулсан.

Тэгвэл эхнэр Т.Эрдэнэтуяа нь бөх хүний гэргий ямар байдгийг, хань ижлийнхээ, бусад бөхчүүдийн талаар юу бодож санаж явдгаа илэрхийлсэн ухаалаг үгсийг цахим хаягтаа бичжээ.       

Тэрбээр “512 бөхөөс 16 бөх цолны даваа давж 496 бөх цолгүй хоцорч ахиад л дараа жилийг хүлээх болдог. Олон ээж аав, хань ижил, үр хүүхэд, найз нөхөд, дэмждэг хүмүүс харамсаад л үлддэг. Өнгөрсөн жил миний хүү уйлж байхыг зургийг нь дарсан болхоос гэртээ уйлж байгаа аавыгаа дэмжсэн олон хүүхэд байгаа. Энэ жил аав нь унасан ч битгий уйлаарай гээд захиад байхад ахиад л уйлчихаж . Бас л зургийг нь авсан байна лээ. Угаасаа уяхан хүү байгаа юм аа (уянгаллаа , уйлж байх юм гэж хүүг минь битгий элдвээр хэлээрэй. 12 настай нялхаараа юм байгаа юм. Аавыгаа маш их дэмждэг хүү байгаа юм аа)

Залуу бөх байхаас нь Цэргийн арслан болтол нь хажууд нь байсан болохоор, ямар их хичээснийг нь хамгийн их мэддэг болохоор шантрахгүй ээ. Хоол цайг нь сайхан хийж өгөөд , 4 хүүхдээ сайхан өсгөөд ар талаа бат авч яваад ханийгаа ирэх жилийн наадамд 5 даваад инээгээд зогсож байхыг нь хармаар байна. Зарим хүний итгэл найдвар унтарсан байх, зарим нь дэмжсээр л байгаа байх. Харин би Монгол өвөө тээж яваа энэ сайхан залуугийн эхнэр болохоор чамаараа бахархаж байна бас үргэлж дэмжсээр байх болно оо.

“Дараа жилийн наадам даанч хол байна даа” гэж байтал даанч хурдан хаяанд ирсэн байдаг. Дахиад нэг жил хичээгээд үзье хань минь” хэмээн бичсэн байна. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.83
    2024/07/15

    . Улсын цол авна аа авна дүү минь. Ийм сайхан бөх цол авахгүй байна гэж юу байхав.

    Хариулах
  • 103.168.34.201
    2024/07/13

    Жинхэнэ Монгол эзэгтэй, хүний сайн ханийн ерөөлт үгс байна даа. Ерөөл бат оршиг.

    Хариулах
  • 202.9.40.16
    2024/07/13

    Ямар сайхан ухаантай эзэгтэй вэ? Жинхэнэ Монгол эхнэр гэж ийм л байдаг байх даа... Сайн сайхныг хүсэн ерөөе...

    Хариулах
  • 66.181.160.44
    2024/07/13

    2 жил дараалан 4 давлаа.Өнгөрсөн жил Содномд хуурагдсан.Энэ жил амаа буруу авсан.Гэхдээ авсан бөхтэйгээ барилдахдаа анхаарал суларсан.Дэмждэг хүний хувьд харамсалтай бна.Болох цаг нь болохоороо начин байтугай юм болох байх.

    Хариулах
  • 59.153.112.244
    2024/07/13

    За зүгээр дээ. Сайхан монгол бөх, хүүгийн бахархалт аав. Нэг л гоё зөв зөөлөн хүн байна лээ шүү. Гэр бүлд нь хамгийн сайхныг хүсье

    Хариулах