Испани дархан аварга болж, 17-той Ламин Ямаль агуу тоглогч болох эхлэлээ тавилаа

Zuv.mn
2024/07/15

Спорт сонирхогчдыг сар шахам цэнхэр дэлгэцийн өмнө уясан хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн шөнө Испанийн шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. Луис де ла Фуэнтегийн шижигнэсэн залуус аваргын төлөө тоглолтод Гарет Саутгейтийн Английг 2:1-ээр буулгаж авав.  

Тоглолтын эхний гоолыг оруулсан 22 настай Нико Уильямс ЕАШТ-ийн финалд гоолдсон хоёр дахь залуу тоглогч болсон бөгөөд Италийн Пьетро Анастази л түүнээс залуудаа гоол оруулсан аж.   

Түүнд гоолын дамжууллалт өгсөн Ламин Ямаль дамжуулалтынхаа тоог 4-т хүргэснээр тэмцээний дээд амжилтыг давтав. Тэмцээний түүхэнд Швейцарийн Стивен Цубер /2020/, Бельгийн Эден Азар, Уэльсийн Аарон Рэмзи /2016/, Югославын Любинко Друлович /2000/ гэсэн гурван тоглогч л нэг тэмцээнд дөрвөн гоолын лдамжуулалт өгч байжээ.

Тоглолтын 2/3 өнгөрсний дараа Гарет Саутгейт сэлгээгээр Коул Палмер, Олли Уоткинс нарыг оруулж ирсэн нь үр дүнгээ өгч, тоог тэнцүүлсэн. Ингээд санаачилгыг гартаа авах гэж үзсэн ч Испани шуурхай зохион байгуулалтад орж, Кукурейягийн дамжуулалтаар Микель Ойросабаль хожлын гоол оруулсан юм. Тэрбээр багийн ахлагч Альваро Моратагийн оронд талбайд орж ирээд байв.

Түүнийг отон тоглолтод оруулахад английн хамгаалагчид ганц сантиметр л дутсан юм.


Дараа нь англичуудад гоол оруулахад мөн л нэг см дутаж /довтлогчийн мөргөсөн бөмбөгийг Дани Ольмо мөргөж гаргасан/ дахин азгүйтэв.


Ингэснээр Испани өнгөрсөн тэмцээнд Италид алдсан цомоо эргүүлэн авч, Буурал тивийн хамгийн олон цомтой баг боллоо.

Испаничууд тэртээ 1964 онд нутаг дээрээ ЗХУ-ыг хожиж анх түрүүлсэн  бол 44 жилийн дараа 2008 онд дахин аваргалсан. Түүнээс хойш дахин хоёр удаа /2012, 2024/ түрүүлээд байна.


Испанийн дасгалжуулагч Луис де ла Фуэнте томчуудын багийн хувьд эхний том тэмцээний цомдоо өөрийнхөө бойжуулсан залуусын хамтаар хүртлээ.

Тэрбээр өмнө нь 2015 онд 19 хүртэлх насны залуусын ЕАШТ-д түрүүлсэн /Родри, Микель Мерино нар тоглож байв/ бол 2019 онд 21 хүртэлх насныхны ЕАШТ-д түрүүлж /Унай Симон, Фабиан Руис, Дани Ольмо, Микель Ойрасабаль, Мерино/ байв.


17-той Ламин Ямаль 18 нас 328 хоногтойдоо Еврод түрүүлсэн Португалийн Ренато Саншешийг гүйцэн хамгийн залуудаа ЕАШТ-д түрүүлсэн тоглогч болсон бол Дани Карвахаль, Начо, Хоселу нар нэг жилд Евро, Аваргуулдын лигт түрүүлэн, тивийн хамгийн амжилттай яваа тоглогчдоор тодорлоо.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна