МАН-ын мөрийн хөтөлбөр "20 минутын хот"-ыг хариуцагч сайд Ардчилсан намын Р.Эрдэнэбүрэн

С.Гандэлгэр
2024/08/28

2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр МАН ялалт байгуулж, дангаар ЗГ-аа байгуулах боломжтой байсан ч АН, ХҮН намуудтай хамтарсан. Нэг талаас дангаар засаглах боломжтой атлаа сөрөг хүчинтэйгээ хамтарсанд намынх нь гишүүд дургүйцэж олон гомдогсод гарч байв. Нөгөө талд удтал "гудамжинд" байсан Ардчилсан намынхан бүгд л сайд, дарга болохоор төрийн ордноор гүйлдсэн. Удтал дуншсаны эцэст Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө удирдах ЗГ-ын бүтцээ УИХ-д өргөн барьж, засгийн газраа байгуулсан. 

Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын бүтцээс анхааралт татсан нэг томилгоо нь Р.Эрдэнэбүрэнг "20 минутын хот" хариуцсан сайдаар томилсон явдал байсан юм. 

Угтаа бол "20 минутын хот" нь МАН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр. Бүр МАН-ын мөрийн хөтөлбөрийн амин сүнс болсон заалт байсан гэхэд хилсдэхгүй. Харин Р.Эрдэнэбүрэн бол говийн бүсэд АН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдоод байсан гишүүн юм. Тэгэхээр МАН мөрийн хөтөлбөрийнхөө хамгийн чухал амлалтыг АН-д даатгасан. Харин АН болон АН-аас сонгогдсон Р.Эрдэнэбүрэн ирэх дөрвөн жилийн хугацаанд МАН-ын мөрийн хөтөлбөр "20 минутын хот" хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэсэн үг юм. 

Мэдээж хөшигний ард улс төр, тохироо явж байгаа. Голлох яам, сайдын суудлуудаа алдахгүйг хичээсэн МАН яамгүй сайдын суудлаа АН-д шахсан байх магадлалтай. Харин олон жил "гудамжинд" явсан АН-ынхан уухайн тас хүлээн зөвшөөрч, МАН-ын мөрийн хөтөлбөрийг хариуцагч сайдтай болохоор болсон байна. 

Өнгөн дээрээ "20 минутын хот" гэж харагдаж байгаа ч хуучнаараа бол "Түгжрэлийн сайд" юм. ""20 минутын хот" мөрийн хөтөлбөрийн гол зорилго ч Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах юм. Тэгэхээр нэршил нь өөрчлөгдсөн ч Р.Эрдэнэбүрэн Улаанбаатар хотын хөгжил, түгжрэл, дүүжин гүүр гэх мэт томоохон төсөл хөтөлбөр, эрх зүйн шинэчлэлд анхаарах ёстой гэсэн үг юм. Р.Эрдэнэбүрэнгийн хувьд "Шинэ сум" төслийг санаачилж, Дундговь аймгийн Гурвансайхан сумыг жишиг бүтээн байгуулалт болгосон нь АН-аасаа "20 минутын хот"-ыг хариуцах боломжтой ганц хүн гэж харагдсан байж болох.

"20 минутын хот" концепцыг товч тайлбарлавал: 

Нийслэл Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ. Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минут дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох юм. Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай томсгох, ингэснээр манай хороодын удирдлагууд шууд төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй болно. Нэг үгээр хэлбэл, дамжуулагчийн үүргийг эцсийн шийдвэр гаргадаг нэгж болгоно.

Эрүүл мэнд, боловсрол, онцгой, цагдаа, нийтийн тээвэр, нийгмийн хөгжил, соёлын цогц үйлчилгээнд явган, дугуйн зам, усан бассейн, фитнесс клубээс эхлээд амьдралын чанарын бүх үйлчилгээ 20 минутын дотор очих байдлаар шинэчлэн зохион байгуулах, шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс шийдвэрлэх, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн эрхзүйн орчныг хангаж өгөхөд чиглэнэ.

Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбож 20 минутийн дотор Төрийн ордны Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх онгоцны буудалд шууд очдог байх юм.

Тэгвэл үүнийг ажил хэрэг болгох ёстой Р.Эрдэнэбүрэнгийн хувьд говийн бүсээс сонгогдсон гишүүн.  Орон нутгаас сонгогдсон гишүүн Улаанбаатар хотын асуудалд анхаарал хандуулан ажиллах эсэх нь тун эргэлзээтэй. Хамгийн анх түгжрэлийн сайдаар томилогдсон Ж.Сүхбаатар, түүний дараа томилогдсон Б.Дэлгэрсайхан нар хэр хэмжээнд, яаж ажилласан бэ гэдгийг харьцуулахад л ойлгомжтой харагдана.

Нөгөө талаар 2024 оны УИХ-ын тойрог үлэмж томорсон. Өмнө нь Б.Дэлгэрсайхан Дорноговь аймгийг төлөөлдөг байсан бол одоо говийн бүсийг төлөөлж ажиллах ёстой болсон. Р.Эрдэнэбүрэн ч адилхан. Тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзах, хуулийн төсөл танилцуулах, иргэдээс санал авах гэх мэт хийх ажил нь хэд дахин нэмэгдэж байгаа. 

Дорноговь аймгаас сонгогдсон Б.Дэлгэрсайханыг анх томилогдоход нь л орон нутгаас сонгогдсон гишүүн хотын асуудалд анхаарч ажиллаж чадахгүй гэх шүүмжлэл гарч байв. Нээрээ л сайдын ажлаа авснаасаа хойш дорвитой өөрчлөлт хийлгүй усанд хаясан чулуу шиг алга болсон. Арга ч үгүй биз. Түүнийг сонгох хүмүүс нь Улаанбаатар хотын иргэд биш говийн бүсийн иргэд байсан. Уг нь хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьж батлуулсан гэж болох ч ард нь хотын дарга Х.Нямбаатар болон одоогийн УИХ-ын гишүүн, тухайн үеийн хотын орлогч П.Сайнзориг нар байж, тэдгээр хуулиудыг батлуулсан. Тэгэхээр орон нутгийн гишүүнээс хотын асуудлыг шийдэж өгнө гэдэг хүлээлт үүсгээд хэрэггүй мэт. 

Үнэхээр ажил хэрэг болгохоор сайдын албан тушаалд очсон уу аль эсхүл сайдын суудал нь тохирооны хэрэгсэл болж нэр төдий ажиллах уу гэдгийг цаг хугацаа харуулна. Нөгөө талаар МАН-ын мөрийн хөтөлбөрийг АН-аас сонгогдсон хүн хийж, хэрэгжүүлэн үр дүн гаргана гэдэг юу л бол. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд МАН, АН ээлжлэн засаглахдаа бие биенийхээ эхлүүлсэн төслүүдийг царцааж, цуцалж, зогсоож байсан түүх олон бий. 

Ямартай ч цаашид Улаанбаатар хотын асуудал, хөгжил, томоохон төслүүдийг хотын даргаас гадна хариуцах хүн бол Р.Эрдэнэбүрэн. Цаашид хотын утаа, түгжрэл гэх мэт тулгамдсан олон асуудлыг хэрхэн шийдэхийг харах л үлдлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.105
    2024/08/28

    chonond hurga zuulgah gej ene saidchar chini hedehen jiliin umnu tsavchaanii hergeer ogtsorch bsn bish uu ? odoo honinii aris numuruud orood iree yu ?

    Хариулах