Шилдгийн шилдгийг тодруулах хүсэл буюу холбоодын өрсөлдөөн холимог тулааны ирээдүй

Zuv.mn
2024/09/16

Бие хамгаалах урлагийн дотроос аль нь хамгийн шилдэг болохыг мэдэх хүсэл холимог тулааны спортыг эх барих шалтгаан болсныг бид бүхэн мэднэ. Тэгвэл одоо тулааны урлаг биш, харин хүний авьяас ур чадвар илүү чухал гэдгийг мэдэх болжээ.

Бокс, каратэ, бөхийн аль нь хамгийн шилдэг нь юм бэ гэсэн асуулт ч ач холбогдолгүй болж ирэв. Бие хамгаалах урлагийн хамгийн шилдгийг тодруулах хүсэл ийнхүү биелээгүй ч үзэгчдийг соронздон татсан хэвээр байгаагийн шалтгаан нь холбоодын өрсөлдөөн, холбоо тус бүрийн жин, жингийн аваргуудын хэн нь хамгийн шилдэг, үнэмлэхүй аварга нь болохыг харах хүсэл шинээр бий болсонтой холбоотой юм. Өөрөөр хэлбэл, үзэгчид яваандаа нэг тамирчин UFC, ONE, Bellator зэрэг холбооны бүс зүүх боломжтой болоосой хүсэж байна. Бүс нэгтгэдэггүй юм аа гэхэл зүгээр л хэн нь ялахаа үздэг болоход л энэ нь бүс нэгтгэх зүгт хийсэн нэг алхам төдийгүй санхүүгийн хувьд ашигтай нүүдэл болох юм. Зарим холбоо хүмүүсийн энэ хүсэл, эдийн засгийн боломжийг олж харсан бөгөөд Bellator, PFL холбоод 2023 онд үргэлжлүүлэх магадлал өндөр байна.

Олон холбооны аварга хэзээ мэндлэх вэ

Мэргэжлийн боксын WBA, WBC, IBF, IBO зэрэг зонхилох холбоодын бүсийг нэг боксчин зэрэг эзэмшиж болдгийг бид бүхэн мэдэж байгаа. Тэгвэл яваандаа холимог тулаан ч мөн ийм болно гэж таамаглах үндэслэл байна. Учир нь холимог тулааны холбоод өдгөө яг л мэргэжлийн боксын холбоодын хөгжлийн эхэн үеийг давтаж байгаа мэтээр ажиллаж байгаа юм. Холимог тулаан №1 тулааны спорт болсон ч цаашаа илүү хол явна, үзэгчдийг уйдаахгүй гэж дүгнэх нэг шалтгаан нь энэ. Нэг үгээр холимог тулаан үзэгчдийг татах боломжоо дөнгөж л ашиглаж эхэлж байна. Тамирчид холбоо сольж тулалдаж байгаа бөгөөд ийм тохиолдол бүр нь бусдаасаа тасарчихсан холбоо байхгүй, бүгд тус тусдаа шилдэг тулаанчидтай гэдгийг баталж байгаа нь үзэгчдийн сонирхлыг улам бүр өдөөж буй. UFC холбооны хөнгөн жингийн аварга асан Энтони Петтис PFL-д ороод эхний хоёр тулаандаа ялагдсан, UFC холбооны хөнгөн жингийн босоо аварга Деметриус Жонсон ONE холбооны аваргын төлөө Адриано Мораест ялагдсан, Bellator, UFC-д Майкл Чандлер, Рафаэль Дос Анжос, Жастин Гейтжи нарыг хашраан алдраа мандуулсан Эдди Альварез ONE холбоонд ороод Тимофей Настюхин, Рэ Юн Ок нарт ялагдсан, Bellator-ын гурван удаагийн аварга Майкл Чандлер UFC-д гурав тулалдаад хоёрт нь ялагдсан... Энэ жагсаалтыг цааш нь үргэлжлүүлж болно.

Үзэгчдийг татах дараагийн үе шат нь холбоодын аваргууд хоорондоо тулах явдал бөгөөд мөн л эхлэлээ тавьчихсан. Bellator холбоо 2019 онд Японы Rizin холбоотой хамтарсан эвент зохиож, тэрхүү тэмцээн дээр Rizin холбооны аварга Киожи Хоригучи Bellator холбооны аваргын бүс эзэмшигч Даррион Колдуэллийг нам цохин, шууд хоёр холбооны аваргын бүс зүүж байлаа. Холимог тулааны холбоодын оргил UFC-тэй хамтарсан тэмцээн зохион байгуулах асуудал яг энэ тэмцээний дараах хэвлэлийн бага хурал дээр анх хөндөгдсөн юм. Тэгэхэд Bellator-ын тэргүүн Стив Кокер “Энэ тэдний бизнесийн загвар биш. Гэхдээ тэд өөрсдөө зөвшөөрвөл би татгалзахгүй. Манай холбоонд жинхэнэ алуурчин шиг залуус дүүрэн байна” хэмээн хэлж байв. Жишээ нь, Bellator UFC хамтарлаа гэж бодоход шууд л асар их орлого ашиг олох бэлэн “кэйс”-үүд бий. Жишээ нь, Bellator холбооны эмэгтэй тулаанчдын жин харгалзахгүй чансааг (P4P) тэргүүлэгч Крис Сайборг Аманда Нуньесээс даагаа нэхэхийг маш их хүсэж байгаа. “Биднийг дахиж тулалдуулахыг бүгд хүсэж байгааг би мэдэж байна. Энэ тулааныг хийцгээе. Өмнө нь надад даагаа нэхэх боломж гараагүй. Харин ирээдүйд, хэрвээ Дана зөвшөөрвөл миний хариулт зөвхөн “За” байх болно” гэж тэрээр ярьжээ.

Шилдгийн шилдгийг тодруулах хүсэлBellator холбооны тулаанч Майкл Пэйж

Нэг спортын төрөлд хэд, хэдэн том холбоо байх нь хэрэгтэй зүйл гэж би үргэлж хэлдэг байсан. Хөгжихөд хэрэгтэй. Тэдний алиных нь ч талаар муугаар ярихыг өөртөө зөвшөөрөхгүй. Нөхөрсөг өрсөлдөөн гэдэг сайн зүйл. Bellator, UFC хамтрах бүрэн боломжтой гэж би боддог. Хэрвээ тийм зүйл болбол спорт сонирхогчдын хувьд маш том үйл явдал болно.

Өнөө цагийн шилдгийн шилдэг эмэгтэй тулаанчийг тодруулна

Холимог тулааны спортын хөгжлийг ихэвчлэн л UFC-тэй холбож бичих нь цөөнгүй. Одоо байгаа холимог тулааны спортын холбоодоос ахмад нь яах аргагүй UFC мөн. Гэхдээ бүх л спортын хөгжлийг ганц байгууллагатай холбож ойлговол өрөөсгөл хэрэг болно. UFC-гийн араас Недерландад M-1 Global (1997 онд), Японд Deep International (2001 онд), Англид Cage Warriors Fight Championship (CWFC2002 онд), Польшид Konfrontacja Sztuk Walki (KSW2004 онд) гэх мэтээр шинэ холбоод буй болсон бөгөөд зарим нь тухайн үедээ UFC ч атаархмаар идэвхитэй үйл ажиллагаа явуулж байв. Холимог тулааны спорт сэргэн мандахад эдгээр холбоодын үүрэг оролцоо их байсан нь маргаангүй. Одоо ч гэсэн оройлон манлайлагчид нь л UFC, Bellator, One FC болохоос цаана нь том жижиг олон холбоо бий. Тулаанчдынхаа чанараар ч төдий дор орохгүй. Бүх цаг үеийн шилдэг холимог тулаанч хэмээх албан бус гуншинг хүртсэн алдарт Хабиб Нурмагомедовын менежер Али Абдель Азиз “Одоо цагийн хамгийн шилдэг эмэгтэй тулаанчийг нэрлэнэ үү” гэсэн асуултад ямар ч эргэлзээгүй “Кайла Харрисон” гэх нэрийг хэлжээ. UFC холбооны “нэрийн хуудас” Валентина Шевченко, Ронда Роузиг нам цохисон Аманда Нуньес, Аманда Нуньесийг сөхрүүлсэн Жулиана Пенья нарыг дурдаж байгаад “Энэ хэдийн хэн нь ч биш” гэж тодотгоод цааш нь “Тэр бол онцгой бүсгүй. Аварга л болохоор заяагдсан...” гэх зэргээр магтаал урсгасан байх юм. P4P буюу жингийн ангилал харгалздаггүй шилдэг тулаанчдын чансааг тэргүүлэгч Валентина Шевченко Кайла Харрисоны талаар “UFC-д ч бай, биш ч бай түүн шиг сайн тулаанч байгаа нь манай спортод л сайн” хэмээн өгүүлжээ.

Шилдгийн шилдгийг тодруулах хүсэл

Холимог тулааны нүүр царай болсон томчууд амаа олохгүй магтаад байгаа Кайла Харрисон харин PFL буюу мэргэжлийн тулаанчдын холбоо гэх холбоотой олон жилийн гэрээтэй. Энэ холбоо нь эрэгтэй, эмэгтэй зургаан жинд тулаан зохион байгуулдаг бөгөөд оны эцэст жин бүртээ босоо үлдэж аваргалсан тулаанчид нэг сая ам.доллар өгдөг онцлогтой. Тохойдохыг хориглодог гэх мэт дүрмийн бага сага ялгаа бий. 2018 онд байгуулагдсан ийм нэг холбоо л гэхэд ийм байна. PFL-ийг онцгойлсоны учир нь, тус холбоо шилдэг тулаанч Кайла Харрисоноо Bellator-ын босоо аварга Крис Сайборгтой ирэх жил тулалдуулахаар ярьж байгаа юм. Үүний өмнө UFC холбоо босоо аварга Аманда Нуньесаа мөн Кайлагийн эсрэг тавихыг оролдсон ч тодорхой шалтгааны улмаас бүтээгүй юм. Тэр үед UFC-ийн тэргүүн Дана Уайт “Энэ тулаан явагдсан бол том үйл явдал болох байлаа. Үзэгчид хуйларч, олон сая ам.доллар эргэлдэх байв. Тэгээд Аманда Нуньес Кайлаг ялчихсан бол холбооны түүхэн дэх хамгийн агуу үйл явдлын нэг болох байсан нь гарцаагүй” хэмээн өгүүлж байв. Холбоодод шилдгүүдээ зодолдуулж мөнгө олох хүсэл бий гэдгийг түүний энэ үг харуулна. Тэгэхээр хэзээ нэгэн цагт болно гэж яригдаж байгаа Кайла Харрисон, Крис Сайборг, Кайла Харрисон Аманда Нуньес нарын тулаан их юм шийдэх байгаа биз?

Шилдгийн шилдгийг тодруулах хүсэл



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна