Монголын тулааны шилдэг тамирчдын MFC холбооны Ерөнхийлөгчөөр З.Төмөртөмөө сонгогдлоо

Zuv.mn
4 цаг 53 минутын өмнө
“MGL one fighting championship”-ийн 15 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр /2024.09.22/ боллоо. Тус арга хэмжээний үеэр холимог тулааны “MGL one fighting championship”-ийн шинэ ерөнхийлөгчөөр З.Төмөртөмөөг томиллоо.

З.Төмөртөмөө нь 2019 онд “MGL one fighting championship” холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм. Улмаар өнгөрсөн 5 жилийн хугацаанд тамирчдаа дэмжиж, хэд хэдэн тэмцээнийг зохион байгуулах ажилд голлон оролцсон байдаг. Тиймээс түүнийг тус холбоо 15 жилийн ойн баярын өдрөө ерөнхийлөгчөөрөө томилов.  Улмаар “MGL one fighting championship”-ийн удирдлагын баг З.Төмөртөмөөгийн цаашдын ажилд амжилт хүслээ.

Энэ үеэр тус холбооны удирдлага, үүсгэн байгуулагчид баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

-Гардан тулааны ОУХМ, Холимог тулааны Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг: Тамирчдад олон талын боломж олгодог Ерөнхийлөгчтэй болсондоо баяртэай байна-

-“MGL one fighting championship” холбооны 15 жилийн ой өнөөдөр тохиож байна. Холбооны нийт тамирчид, аваргууд, үүсгэн байгуулагчид, ивээн тэтгэгчдэд болон удирдлагууддаа баярын мэнд хүргэе. Монголын холимог тулааны хөгжил яг дунд шатандаа явж байна. Холбооны ирээдүй маш том харагдаж байна. Энэ 15 жилийн хугацаанд манай холбооноос Холимог тулааны Дэлхийн аварга төрсөн. Мөн энэ холбоонд тулалдаж байсан тамирчид бусад тулааны урлагийн төрлүүдээр гаднын улсуудад болон дэлхийн тэмцээнд цөөнгүй аваргалаад байна. Энэ нь тэмцээн зохион байгуулагчид, энэ спортын дэмжигчдийн ачаар бий болж байгаа зүйл гэж хардаг. Учир нь тэмцээн зохион байгуулснаар оролцож буй тамирчдын маань чадвар сайжирч, гаднын улсад гарах үндэс нь болж байдаг.


Бид анх энэ холбоог байгуулахдаа монголын шилдэг тамирчныг олж, нээж, шалгаруулна. Дараа нь тэр тамирчиндаа улсаа төлөөлөх эрх өгч гаднын томоохон тэмцээнүүдэд оролцуулах зорилго тавьж байсан. Одоо манай холбоонд тулалдаж байсан тамирчид тив дэлхийд монголынхоо нэрийг маш өндөрт өргөж явна. З.Төмөртөмөө манай холбооны Дэд ерөнхийлөгч байсан. Тамирчдаа маш сайн дэмжиж, тэмцээнүүд зохион байгуулдаг. Тамирчдадаа дэмжлэг үзүүлж олон талын боломжоор хангаж өгсөөр ирсэн.

-МУГТ, холимог тулаанч Б.Дамланпүрэв: Холбооны шинэ удирдлага олон сайн холбоонд зуучилж, өргөн хүрээнд ажиллах байх-

-“MGL one fighting championship” бол монголын анхны холимог тулааны холбоо. Миний хувьд холбооныхоо анхны тэмцээнээс эхлээд идэвхтэй оролцож ирсэн. Одоо холбоондоо дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр манай холбооны удирдлагад шинэчлэл хийгдлээ. Цаашид холбоо маань тамирчдаа гадагшаа олон гаргаасай, олон сайн холбоонд зуулчилж өргөн хүрээтэй ажиллаасай гэж хүсэж байна. Холимог тулаан гэдэг спорт их спортыг бодвол учиртай. Заавал бүх зардлаа өөрөө гаргаад байдаггүй. Сайн холбоотой гэрээ хийсэн тохиолдолд тамирчны бүх зардлыг цаанаас нь гаргадаг. Үүнд тэмцээнд оролцох зардлаас гадна байр, хоол гээд бүх хэрэгцээ нь багтдаг. Энэ талаараа зарим спортоос ялгарч хүмүүсийн сонирхлыг татдаг. Тиймээс тамирчид маань гол нь бэлтгэл сургуулилтаа сайн хийж, холбоодтой гэрээ байгуулах нь чухал байдаг.


Холимог тулаан хөгжиж, сайн тулалддаг олон залуус гарч ирсэн. Шинэ залуу аваргууд төрж байна. Доороосоо бэлтгэгдэж байгаа залуус нь ч ялгаагүй маш чадварлаг байна. Өнөөдөр бас манай холбооны тэргүүн дэд байсан З.Төмөртөмөө ерөнхийлөгч болж байна. Энэ явдалд бас маш их баяртай байгаа. З.Төмөртөмөөгийн хувьд тамирчдаа чадавхжуулах тэмцээнүүдийг зохион байгуулдаг. Тамирчдаа цалинжуулахаас эхлээд тэдэнд маш их дэмжлэг үзүүлдэг.

-“MGL one fighting championship” холбооны УЗГ Б.Галбаатар: З.Төмөртөмөөг тамирчдад нөхцөл боломжийг бүрдүүлж өгч чадна гэж харж сонгосон-

-Үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн тэмдэглэлт өдрөө холбооныхоо ерөнхийлөгчөөр З.Төмөртөмөөг томиллоо. Шинэ ерөнхийлөгчөө багш, дасгалжуулагчдаа хичээл зүтгэлтэй байлгаж, холимог тулаан сонирхогчид, залуу тамирчдаа байнгын уралдаан тэмцээнд оролцуулах нөхцөл бололцоог бүрдүүлж хамтран ажиллаж чадна гэж харсан учир сонгосон.

Ер нь олон улсад “MGL one fighting championship”-ийн жин жингийн тамирчдыг хүлээн зөвшөөрдөг. Манай холбооноос зохион байгуулж байгаа уралдаан тэмцээнүүдийг анхаарч үздэг болсон. Мөн олон улсын рингэнд амжилт гаргасан олон тамирчид бий. Бид цаашид UFC-д жин жингийн тамирчид гаргах, ялангуяа хөнгөн, дунд жингийн тамирчид гаргаж аварга болгох зорилготой ажиллаж байна.


-“MGL one fighting championship” холбооны Гүйцэтгэх захирал Ө.Гантөмөр: З.Төмөртөмөө тулааны холбоотой салшгүй холбоотой явсаар өнөөдөр Ерөнхийлөгчөөр сонгогдлоо-

-Манай холбоо байгуулагдаад 15 дахь жилдээ болж байна. Энэ хугацаанд нийт 26 тулаан зохион байгуулна гэдэг бол санхүүгээ босгох, зохион байгуулахаас эхлээд удирдагчдаас маш их хөдөлмөр шаардах ажил шүү дээ. Өмнөх дарга нар үнэхээр сайн ажилласан. Харин өнөөдөр ерөнхийлөгчөөр сонгогдож буй З.Төмөртөмөө холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Түүнээс хойш холбоондоо тууштай ажиллаж явсаар өнөөдөр ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

З.Төмөртөмөө залуу хүн, залуу боловсон хүчин. Үүнтэй холбоотойгоор өөрийн ажиллах арга барилаар арай өөрөөр сэтгэж ажиллах болов уу гэж харж байна. Одоо манай холбооны хамгийн түрүүнд хийх ажил бол 15 жилийн ойн “Монгол туургатны MGL” буюу 2015 онд зохион байгуулж байсан "MGL" тэмцээнийг хийх. Энэ тэмцээнд буриад, халимаг, өвөрмонгол гээд монгол туургатнууд ирж тулалддаг. Онцлоход тэмцээний +93 кг жингийн аваргад тулалдах тамирчид хэдийнээ тодорчихсон байгаа. Энэ төрөл 15 жилийн хугацаанд нэг л аваргатай байсан. "Ирвэс" клубийн Баттүшиг гэж аварга байсан. Харин энэ жил шинэ аварга төрнө. Энэ нь манай монголчууд тулааны урлагт хэр сонирхолтой болж байгааг харуулж байгаа юм. Сонирхогчид, тамирчид олон байгаа учир энэхүү тэмцээнийг 93 кг жинд зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ жил хоёр тулаан зохион байгуулагдана гэсэн үг. Харин дараа жилийн тэмцээнүүдээ жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэж гаргана.


009 онд анх Холимог тулааны аваргын төлөө тоглоход шагналын сан нь нэг сая төгрөг байсан. Харин хоёрдугаар байрт орсон нь 500 мянган төгрөг авч байсан. Одоо аварга тамирчин 5 сая төгрөг, хоёрдугаарт орсон тамирчин 3 сая төгрөг авч байгаа. Мөн 2.000.000-500.000 мянган төгрөгийн хооронд тамирчид тулаан хийнэ. Нэг ёсондоо анхны тулаанаа хийж байгаа хүн ялбал 800 мянган төгрөг, ялагдвал 500 мянган төгрөг авна гэсэн үг. Өмнө нь хоёр, гурван тулаан хийсэн бол 2-3 сая төгрөг авна. Тэгээд хамгийн дээд тал нь 5 сая төгрөг авах юм. Энэ удаагийн хүнд жингийн тулаан маш сайн хоёр тамирчны дунд болно. Тус тамирчид олон улсад олон ялалттай. Аль аль нь нэг ч ялагдалгүй явж байгаа тамирчид бий. Одоогоор тэдний нэрийг нууцалж байгаа. Яг тэмцээний үеэр тухайн тамирчдыг зарлана.

Холимог тулааны аваргууд, холбооны удирдлагууд ийн ярьж, сэтгэгдлээ хуваалцлаа. Тасралтгүй сайн хөгжиж, дэлхийд монгол тулаанчдын нэрийг гаргасан “MGL one fighting championship” -ын удирдах зөвлөл, тамирчид цаашид тамирчдад илүү олон боломжийг нээж, хүрээг нь тэлж, Дэлхийд олон шанг татаж чадна гэдэг итгэлээр З.Төмөртөмөөг Ерөнхийлөгчөөрөө сонгожээ.

НИТХ-ын төлөөлөгч, хотын асуудлыг мэдэрч бас зохицуулж шийдвэрлэдэг чаддаг туршлагатай сайн менежер залуу ийнхүү монголын бахархал болсон тулаанч эрсийн холбоог тэргүүлэх боллоо.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна