Мэргэжлийн боксын хагас хүнд жингийн ялагдашгүй хоёр аварга Артур Бетербиев, Дмитрий Бивол нар Саудын Арабын Эр Рияд хотноо өнгөрсөн бямба гарагт тулалдаж, Артур Бетербиев шүүгчдийн саналаар ялсан билээ. Гэвч энэ шийдвэр олон хүнд эргэлзээтэй санагдсан учраас тулаан дуусав уу, үгүй юу дахиж тулалдах талаар ярьж эхэлсэн юм.
Тулаанд Артур өрсөлдөгчдөө учруулсан хохирлоороо илүү байсан бол олонхийн дүгнэснээр ялалт шүүгчдийн шийдвэрээр Дмитрий Биволд очих ёстой байв. Шүүгчдийн шийдвэрийг /115:113, 114:114, 116:112 Артур ялсан/ зарлахын өмнө ч Д.Биволын баг ялалтдаа итгэлтэй, харин Артурын баг ялагдалтайгаа эвлэрсэн байдалтай байсан гэх. Шүүгчид ялалтыг нь зарласны дараа Артурын өгсөн ярилцлага ч "Өнөөдөр би тааруу тулалдлаа, сайхан тулаан хийе гэсэн ч чадсангүй" гэх маягтай байсныг бүгд сонссон.
Энэ нь хоёр дахь тулааны эрэлтийг улам л өсгөсөн юм. Улмаар, ялагдашгүй хоёр аваргын тулаанаар шоу хийж, дахин мөнгө олох гэсэн промоутеруудын арга гэсэн таамаг гарч ирсэн. Учир нь, гэрээн дээр дахин утлаан хийх талаар ямар ч заалт байгаагүй юм.
Энэ намрын хамгийн өндөр хүлээлттэй байсан тулаан ийнхүү ярих юмтай өндөрлөсөн. Одоо ирээдүйн талаар ярихад эрт ч хувилбар бол хэвлэлээр бичигдэж байна.
Д.Бивол болсон явдалд шүүгч нарыг буруутгахгүй гэдгээ хэлж, дахин тулалдахад татгалзахгүй гэсэн. "Миний хэлж чадах юм гэвэл Артур ялсан. Шүүгчдийн шийдвэрийн тухайд мэдэх юм алга, энэ бол тэдний шийдвэр. Миний нүүрэн дээр үүссэн хөхрөлтүүд миний өөрийн гарнаас болсон пм шүү дээ. Тэр намайг тийм л хүчтэй цохиж байсан" гэж тэрбээр хэлжээ.
Артур Бетербиев ч дахин тулалдахад бэлэн гэдгээ илэрхийлсэн гэж зарим хэвлэлд бичсэн байна. Гэхдээ нэг зүйл сануулахад, Артур Бетербиев одоо 39 настай. Хагас хүнд жингийнхээ хаан болж, дахиад ганц хоёр удаа бүсээ хамгаалах, өөрөөр хэлбэл замналаа хүссэнээрээ сонгох боломж байхад 40 насандаа маш хүчтэй өрсөлдөгчтэй дахин тулалдах ямар хэрэг байна вэ. Магадгүй, Артур хагас хүнд жингийн хаан хэвээр, дахин нэг ч тулалдалгүй зодог тайлах магадлал ч байгаа гэдгийг спортын мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна