Хүүхдийн зурган номын зохиолч Б.Отгонтуяа 20 жилийн өмнө аваарт орж, хөгжлийн бэрхшээлтэй болсон. Түүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй болсон нь биш нийгмийн хандлага хамгийн том даваа болж байсан. Том хүмүүст хүний эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш байдлыг байдлыг хангах талаар ярих нь хэцүү тул ирээдүй болсон бяцхан хүүхдүүдэд хүний эрхийн талаар ойлголт өгөхийн тулд зурган ном бүтээж эхэлсэн.
Түүний номонд тэргэнцэртэй хүнд туслах, яаж харьцах уу гэж онцгойлон заагаагүй энгийн адал явдалт зохиолтой. Харин гол дүр нь тэргэнцэртэй гэдгээрээ онцлог юм.
Б.Отгонтуяа "Би хорин жилийн өмнө 28 настай байхдаа аваарт орсон. Тухайн үед би амьд үлдэх эсэх нь ч эргэлзээтэй, ухаан орлоо гэхэд тэргэнцэр дээр суувал аз гэж эмч нар хэлж байсан. Харин би тэргэнцэр дээр суух болсондоо гутрах биш амьд үлдсэндээ маш их баярласан.
Яагаад гэвэл би хөлөөрөө амьдрахгүй, оюун ухаан минь байгаа юм чинь гэж бодсон. Гэхдээ хамгийн их санаа зовж байсан зүйл бол нийгмийн хандлага.
Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс төдийлөн гадуур явж, нийгмийн харилцаанд ордоггүй байсан учир хүмүүс их гайхаж, өрөвдөж хардаг байсан. Тиймдээ ч би ослын дараа гэрээсээ ч гарахгүй найман жил болсон. Гадуур явж байхад зарим хүн "Яагаад ийм залуу хүн ийм болчихов оо, ёстой өрөвдөлтэй юм аа, оронд нь би ингэх байсан юм" ч гэж уйлдаг байсан нь надад маш хэцүү байсан.
Гэхдээ би гэрээс гарахад хаалганы босго, шат довжоо биш бодолдоо босго тавьж байсан байна лээ. Нийгэмд оролцъё гэж шийдээд төрийн бус байгууллага байгуулж зөвхөн өөрийнхөө төлөө биш олон хүнд туслахын тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар ойлголт өгч, ялгаварлан гадуурхалгүй болгох ёстой гэж бодсон.
Томчуудад нэгэнт тогтсон үзэл бодлыг өөрчлөх хэцүү учир би ирээдүй болсон хүүхдүүддээ хүний эрхийн талаар ойлголт өгч, ялгаатай хүмүүс ч бас байдаг талаар ойлгуулахаар хүүхдийн зурган номоо гаргаж байсан. Хамгийн анх "Номиогийн адал явдал" гэх номоо гаргаж байсан. Үүнээс хойш одоо гурав дахь номоо гаргах гэж байна.
Миний ном адал явдалт зохиолтой, гол дүр нь тэргэнцэртэй гэдгээрээ онцлогтой. Гэхдээ тэргэнцэртэй байлаа гээд тухайн хүүхдэд туслах, өрөвдөх биш яг л адилхан найзын харилцаа өрнөж байгаа.
Би бага ангийн охинтой. Охин маань намайг ном бичсэнээр маш их бахархаж, найзууддаа ярьж байгааг нь хараад би зөв зүйл хийжээ гэж урамшсан.
Би одоо л 40 нас гараад хүн өнөөдөр амьд байгаа нь, амьсгалж байгаа нь хамгийн чухал юм байна гэдгийг ухаарч байна. Миний бодлоор аз жаргал гэдэг бол эрүүл мэнд. Хүн эрүүл байвал бүхнийг хийж чадна.
Бусад хүмүүст гэж хэлэхэд өнөөдөр байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгаарай. Байгаа бүхнийхээ үнэ цэнийг ухаараасай гэж хүсч байна. Бүх зүйл чиний бодолд л байдаг шүү гэж хэлмээр байна" хэмээн ярилаа.
Түүний өөрийн амьдралд учирсан саад бэрхшээлийг хэрхэн даван туулсан талаарх True Story ярилцлагыг доорх линкээр үзээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Sain saihniig husie
Хариулах59.153.115.117
Баярлалаа