Х.Ганхуяг: Банк, Монголбанк, улстөрчдийг дамнасан мафийг таслан зогсоож чадах уу

Zuv.mn
7 цаг 30 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монголбанк”-ны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцэж байна. Өчигдөр хаалттай хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хурлаас Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Нинжбатын Ууганбаатарыг томилуулахыг гишүүдийн 66.7 хувь нь, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Сугарын Лхагвадоржийг томилуулахыг 72.2 хувь нь, Гэрэлтийн Тэлмэнг томилуулахыг 83.3 хувь нь, Тунсагийн Тэлмэнг томилуулахыг 88.9 хувь нь, Данзанбалжирын Энхжаргалыг томилуулахыг 77.8 хувь нь, Ундраагийн Хосжаргалыг томилуулахыг 77.8 хувь нь, Гомбын Эрдэнэбаярыг томилуулахыг 83.3 хувь нь дэмжсэн юм.

Тэднээс УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Би байнгын хороон дээр нэлээд шахсан юм. Банкны салбарт иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллах албан тушаалд нэр дэвшчихээд асуултад банкны гүйцэтгэх захирлууд шиг хариулж байх юм. Арилжаа ярьж байна, шүүхийн процесс ярьж байна. Өнөөдөр чанаргүй зээл үнэндээ банкуудын гаргасан зээлийн 1-2 хувиас хэтрэхээ больсон. Бид 2021 онд банкуудыг олон нийтийн болгох хуулийг батлуулсан юм. Банкирууд, улстөрчдийн бүлэглэл гэж байдаг юм, байсан юм. Олон янзын хулгай хийсэн. Энийг таслан зогсоох гэж хууль баталсан юм.

Банкууд одоо өөр бизнес хийж байна уу үгүй юу. Та нар очоод таслан зогсоож чадах уу үгүй юу. Та бүхний ажил бол хуулийн хэрэгжилтийг хангуулах.

Хувь эзэмшлийг нэг эзэмшигч 20 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан ч зогсонги байна. 2026 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор амжуулах ёстой.

ЖДҮ-лэгчдэд зээл олдохгүй байна. Бид хүү бууруулна гэж яриад байна, Зээл олддог, авч чаддаг болохын төлөө ажиллаарай гэв.

Нэр дэвшигчид гишүүний асуултад хариуллаа.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна