С.Наранцогт: Төслийн бүх үе шатанд байгаль орчны мониторинг, геоэкологийн судалгаа, цацрагийн хяналтыг хэрэгжүүлнэ

Zuv.mn
14 цаг 36 минутын өмнө

"Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт мэдээлэл хийж, өнөөдөр гэрээ нь үзэглэгдсэн Уран хөрөнгө оруулалтын гэрээний Монгол Улсад ашигтай талуудыг танилцууллаа. . 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн зарчмыг баримтлан хөрөнгө оруулагчтай нийт 18 удаагийн хэлэлцээг хийсний үр дүнд, Монгол Улсын эрх ашиг,  Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлсэн дараах нөхцөлүүдийг гэрээнд тусгаад байна. Үүнд:

1/ Монголын талаас олон улсын FAST (Flexible /уян хатан/, Appropriate /зөв/, Structured, Transparent /ил тод/) стандартын дагуу өөрийн санхүүгийн тооцооллын загварыг боловсруулж, уг загвараа ашиглан хийсэн өөрийн тооцооллоо Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцоололтой тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг олборлох үйл ажиллагаанаас бий болох шууд үр өгөөжийн дийлэнх буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс жил бүр хүртэх тооцооллыг баталгаажуулсан.

2/ Монгол улсын шууд хүртэх үр өгөөжийг илүү тодорхой, хязгаарлагдмал хүрээнд, хөрөнгө оруулагч талд ногдох үр өгөөжийг мөн тодорхой хүрээгээр тусгайлан тодорхойлж, хэрэв Монголын талын хүртэх шууд үр өгөөж 51 хувьд хүрээгүй тохиолдолд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компаниас үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай “өгөөж тэнцүүлэх нэмэлт төлбөр”-г Засгийн газарт нэмж төлөх нөхцөл гэрээнд тодорхой тусгагдсан.

3/ Төрийн эзэмшлийн 34 хувийн энгийн хувьцааг хэлэлцээний протоколын дагуу 10 хувийн давуу эрхийн хувьцаа, 5 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулж, 9 хүртэлх хувийн өсөн нэмэгдэх АМНАТ тооцож авснаар давуу эрхийн хувьцаанд 593 сая ам.долларын ногдол ашиг, АМНАТ-т 2,0 тэрбум ам.доллар, нийт улс орон нутгийн төсөвт 5.2 тэрбум ам.доллар төвлөрөх тооцоололтой байна.

4/ Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн хувь нийлүүлсэн 10 хувьтай тэнцэх “Төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа”-г шууд эзэмшиж, тэргүүн ээлжид ногдол ашиг хүртэх, давуу эрхийн хувьцааны ногдол ашиг хуваарилагдаагүй тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилахгүй байх нөхцөл тусгагдсан.

5/ Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг ирүүлснийг хэлэлцээрийн явцад бууруулж, зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, АМНАТ, Гаалийн гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулсан. Түүнчлэн, АМНАТ-ийг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар инфляц тооцохгүйгээр, бүрэн төлөхөөр тусгасан.

6/ Хөрөнгө оруулалтын гэрээг төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж байгаа зөвхөн 3 тусгай зөвшөөрлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгаж, ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлүүдийг энэхүү гэрээнд хамруулахгүй байх нөхцөл тусгагдсан. Түүнчлэн төслийн хүрээнд олборлолт, үйлдвэрлэлийг газар доор уусган олборлох хамгийн сүүлийн үеийн технологиор явуулах, төслийн бүх үе шатанд байгаль орчны мониторинг, геоэкологийн судалгаа, цацрагийн хяналтыг хэрэгжүүлэх, төслийн үйл ажиллагаа болон технологид Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр 3 жил тутамд хөндлөнгийн аудит хийлгэх зэрэг заалтуудыг оруулаад байна.

7/ Монгол Улс дотооддоо элементийн хүхэр үйлдвэрлэн борлуулсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч компани боломжит үнээр тэргүүн ээлжид худалдан авах заалтыг гэрээнд оруулж, олборлолт, үйлдвэрлэл нь үндэсний лабораторийн хяналтад байх нөхцөлийг тусгасан.

8/ Орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга, Төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жил бүр 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх, төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байх, уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60%-aас доошгүй нь болон, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40%-аас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээдэд ногдох нөхцөлүүд тусгагдаад байна.

9/ Гэрээг 20 жилээр байгуулж, гэрээг тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд хуульд заасан хугацаагаар сунгаж байхаар, мөн гэрээний зүйл заалтуудад хуулийг тогтворжуулахгүй байх зарчим хангагдлаа.

10/ Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, баталгаа гаргах болон хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардалд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй байх, талуудын хооронд татварын маргаан үүсвэл дотоодын хууль тогтоомжийн дагуу маргаан шийдвэрлэх бүх процессыг дуустал олон улсын арбитрт хандах эрхгүй байх нөхцөлүүд тусгагдсан.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжсэнээр улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17,1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61,5 тэрбум, төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөгийг төвлөрүүлж, 1600 орчим ажлын байр шинээр бий болж, шинэ технологи нутагшиж, дэд бүтцийн болон хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт хийгдэх боломж бүрдэх юм.

Улмаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, шинэ төрлийн үйлдвэрлэл хөгжих, дэвшилтэт технологи болон мэдлэг туршлагыг нэвтрүүлэх, мэргэшсэн боловсон хүчний нөөц нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөж бий болох зэрэг ач холбогдолтой.

Түүнчлэн Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн экспортлогч орон болж, улмаар ураны зах зээлийн гол тоглогчдын нэг болох, нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэх эхлэл тавигдах болно" хэмээлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна