- Татварыг мэдэгдэхүйц буулгахгүй л бол "Давхар тайлан" Монголоос явахгүй -
ААН-үүдийн “давхар тайлан” хөтөлдөг үе сэргэж байна. Гэхдээ энэ бол шуналтайдаа биш, амьд үлдэхийн төлөө аргагүйдсэн үйлдэл гэж харахаас өөрцгүй нөхцөл байдал үүсжээ.
Байгууллагууд НДШ-ийн өрөнд орохгүйн тулд хэрэгжүүлдэг нэг л арга байдгийг бүгд мэднэ. Энэ бол давхар тайлан гаргах. 2007-2011 онд ААН удирдаж байсан, ажиллаж байсан хүмүүс бүгд санаж байгаа даа. НДШ нэмэгдсэний маргаашаас тэр үе эргэж ирнэ. Байгууллагын санхүү ажилтнуудаа нэг, нэгээр нь дуудаж, “Цалинг чинь хаслаа. Гэхдээ гар дээр очих мөнгө чинь нэмэгдэнэ” гэж хэлнэ. “Ажлаа алдах уу, даатгалаа бага бичүүлээд арай илүү мөнгө гар дээрээ авах уу” гэдэг сонголтын өмнө очсон хүн ямар шийдвэр гаргах нь дэндүү ойлгомжтой шүү дээ.
Арав гаруй жилийн өмнө Монголд далд эдийн засаг бугшиж, бараг л байгууллага болгон хоёр тайлан гаргаж байсан. Энэ байдлаасаа салах гэж их ч ажил хийж, их ч хугацаа зарцуулсан. Татварын шатлалыг багасгаж, “Өршөөлийн хууль” хүртэл баталж байсан. Одоо байгаадаа хүрэх гэж багагүй үнэ төлсөн юм шүү. Харин одоо хийснээ бага, багаар баллуурдаж байна. Шалтгаан нь ямар нэг давагдашгүй хүчин зүйл биш, ердөө л тэвчиж болох зардал ихтэй төсөв байсан гэж бодохоор харамсмаар, бачуурмаар...
МОНГОЛЫН ТӨР ААН-ҮҮДЭЭ ДЭМЖИЖ БИШ, ИРГЭДЭЭ МӨЛЖИЖ ОРШИН ТОГТНОДОГ БОЛОВ
Улс орнуудад төсвийн орлогын ихэнхийг том аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг жишиг бий. Гэтэл манай улсад ажил хийсэн иргэдийн татвар том байр суурь эзэлдэг боллоо. Өнөөдөр 1.5 сая төгрөгийн цалинтай иргэн Дорж худалдаа наймаа эрхэлдэг, орлогоо нууж чадсан ААН-ээс өндөр татвар төлж байна.
Үйл ажиллагаа явуулдаг ч ашиггүй ажилласан тайлан гаргадаг ААН-ийн тоо үлэмж олширчээ. Байдал энэ чигээрээ удвал Монгол далд эдийн засагтай улс болох тийшээ явж байх шиг. Бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт маш их байна. ААНОАТ, НӨАТ, нийгмийн даатгалын татвар, нийслэлийн албан татвар гэхчлэн маш олон төрлийн татварын нэрмээс аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Ийм үед тэдэнд "Хэцүү байгаа бол болиод ажил хийгээч" гэж байгаа юм шиг хандаж болохгүй. Яагаад гэвэл энэ бэрхшээлд хавтгай болж, татварын бааз суурьт нөлөөлөх хэмжээнд оччихоод байна.
Татвар бол хөдөлшгүй зүйл биш. Гол үүрэг нь иргэн, ААН-ээс хурааж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахдаа ч биш. Хэрэгтэй хэсгийг нь дэмжиж босгох замаар бааз сууриа байнга нэмэгдүүлэх л татварын гол шинж чанар байх ёстой.
НӨАТ-ЫГ СУГАЛААГ ХЭСЭГ ХУГАЦААНД БОЛИУЛСАН НЬ ХЯНАЛТЫГ СУЛРУУЛЛАА
НӨАТ-ын төсөвт оруулж буй хувь нэмрийн өчүүхэн хэсгийг эзэлдэг хонжворын мөнгөө хэмнэх гэсэн үү, ямартай ч нэг хэсэг хугацаанд сугалааг болиулсан нь иргэдийн баримт бүртгүүлэх сонирхлыг бууруулж, хяналтыг сулрууллаа. Төр өөрөө сайн дураараа ийм үр дагаврыг бий болгоод яваад байгаа нь хамгийн сонин, ойлгомжгүй байна. Манай улс нэн шинэ түүхэндээ дөрвөн төрийн нүүрийг үзэж, үндсэн хуулиа мөн тоогоор шинэчлэхдээ /1924, 1940, 1960, 1992/ тухай бүрд илүү зүүний чиг баримжаатай болгон өөрчилж байжээ. Тодруулбал, нийгмийн халамжийг түлхүү оруулж ирсэн байна. Нийгмийн халамжид зарцуулагдах мөнгө нэмэгдэхийн хэрээр аж ахуйн нэгжээс авах татварын хувь хэмжээ нэмэгдэх нь мэдээж. Гэхдээ 1992 оноос хойш шинэ аж ахуйн нэгжүүд олноор байгуулагдаж, хувийн хэвшил унаж, босон хөгжлийн замдаа орж байсан үе тул татвар төдий л нэмэгдэлгүй өдийг хүрсэн.
Өөрөөр хэлбэл, татварын хувь хэмжээг нэмэх бус татварын бааз суурь буюу ААН-ийн тоо нэмэгдэж байсан нь бидний өнгөрсөн 30 жилийн аврал нь байжээ. Тийм ч учраас Монгол Улс дэлхийн бусад улсуудтай харьцуулахад татварын хэмжээ нь дундаж гэж тооцогдоно. Монгол Улсын татварын орчин нөхцөл хоёр хөрштэй харьцуулахад хүнд биш. Гэтэл одоо энэ тодорхойлолтыг өнгөрсөн цаг дээр хэлэх болчихлоо.
Өмнөх жилүүдийн ганц аврал болох, өсөн нэмэгдэж асан ААН-ийн тоо нэмэгдэх биш хасагдаж, чадамж буурч, төр татвар нэмэх арга руу орлоо. 100 ААН мөлжиж амьдардаг Монголын төр уг нь жижиг ААН-үүдээ сайтар дэмжиж, цаашдаа 1000 ААН-ээс төсвөө бүрдүүлдэг болохыг зорих ёстой баймаар.
ОУВС-гийн өмнө хүлээсэн үүрэг нэрийн дор нийгмийн даатгалын шимтгэлийг юун түрүүнд нэмсэн. “Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж” байсан ААН-үүд нь энэ дарамтыг даалгүй дампуурч, арай дөмөгхөн нь давхар тайлан руу орж байна. Шийдвэрээ буцаагаад ч энэ байдлаас гарах нь юу л бол.
Татварын албанд бүртгэлтэй ААН-ийн тал нь үйл ажиллагаа явуулдаггүй, үлдсэн хэдийнх нь дунд ажил хийдэг нэг иргэний нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татвараас бага татвар төлдөг нь олон байна. Яагаад ийм болов.
Барууны улсууд шиг орлогын талыг татварт өм цөм хурааж авдаггүй хэрнээ яагаад ААН-үүд нь татвар төлөхөөс бултаад байна вэ. Яагаад хувь хүн нь татварт өгөх мөнгөө нууж, олноороо шүүх цагдаагийн хаалга татна вэ. Энэ тал дээр олон асуудал ярьж болох ч ААН-ийн захирлууд, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн өөрсдийнх нь ярьж байгаагаар бол татвар төлөх хүслийг унтрааж буй гол шалтгаан нь төрийн чадамжгүй байдал гэнэ. МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч нь энэ байр суурийг баталж, хэвлэлээр уриалга гаргаж байсан ч удаатай.
"ПОП" УЛСТӨРЧИД ТАТВАР ТӨЛӨХ ХҮСЛИЙГ УНТРААЖ БАЙНА
Уг нь бол төр иргэддээ "Та татвараа төл, төлсөн татвар тань эргээд таны сайн сайхны төлөө зарцуулагдана" гэж хэлэх ёстой. Гэтэл өнөөгийн нөхцөлд "Та татвар төлөх ёстой, таны төлсөн татварыг яахаа УИХ мэднэ" гэж хэлэх болчхоод байна. Татварт өгсөн мөнгийг нь эрхэм гишүүд тэрбум, тэрбумаар нь хувааж аваад тойрогтоо зарцуулчихна. Эс бөгөөс хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдсан иргэдэд өгчихнө.
Заримдаа бүр ямаанд хуваарилж, ноолуурын бизнес эрхлэгчдэд тарааж өгнө. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр тутам явж буй иймэрхүү мэдээллүүд өөрөө "Та татвараа битгий төл, мөнгө чинь танд эргээд зарцуулагдахгүй, төр найдваргүй шүү" гэсэн сурталчилгаа болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөнөөс хумслах халбага нь дэндүү олон, даанч том байгаа нь аж ахуйн нэгжүүдийг орлогоо нуун дарагдуулах нэг шалтгаан болж байна. Төсвийн ихэнхийг бүрдүүлдэг томоохон аж ахуйн нэгжүүд энэ байдалд урам хугарч, татвараа нуун дарагдуулж байгаа нь нууц биш юм. Үүнийг нотлох ч шаардлагагүй, орчин нь тийм байдал руу түлхэж байна.
ХӨГЖИЛТЭЙ ОРНУУД ТАТВАР ТӨЛСНӨӨРӨӨ БАХАРХАЖ, МАНАЙХ НУУСНААРАА БАХАРХДАГ
Өндөр хөгжилтэй орнуудад татвар төлөгч байна гэдэг өөрөө том "бахархал" байдаг. Үүнийг "Тэр хүн татвар төлснийхөө үр ашгийг бүрэн эдэлж чаддаг болохоор бахархдаг юм байна" гэж ойлгож ч болно.
Гэтэл манайд байдал эсрэгээрээ, татвар нуун дарагдуулснаараа бахархах шахдаг. Татварт өгсөн мөнгө өөрт нь эргэж ирнэ гэсэн итгэлгүй учраас ингэж байна гэхэд хэтрүүлсэн болохгүй л болов уу. Үнэндээ эргэж ирэхгүй ёроолгүй сав руу Туулын мөсийг долоох шахаж байж цуглуулсан хэдэн юмаа цутгахыг хэн хүсэх билээ дээ.
Хэн нэг улс төрчийг "Төсвөөс төрсөн тэрбумтан" гэж цоллоод байхаар хэн татвар өгөхийг хүсэх билээ. Өнөөдөр сонгогчдыг төлөөлж суусан хэдхэн хүн татвар хураамж, шийтгэврийг байнга нэмдэг, иргэд эсэргүүцэхгүй дуугүйхэн байвал тэр хэвээр нь явуулж, эсэргүүцвэл болиулдаг дураараа байдал тогтлоо. Зам ашигласны татварыг НИТХ тав дахин нэмээд буцаасан үйл явцаас энэ байдал тод харагдана.
Дээр нь харалган бодлогууд дэндүү их явуулсан. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангаасаа хэд дахин илүү хөрөнгийг Хүний хөгжлийн санд төвлөрүүлчхээд үр ашиггүй зарцуулж орхисон жишээ хуучраагүй, шийдвэр гаргасан хүмүүс нь одоо ч УИХ-д байж л байна.
Жижиг аж ахуйн нэгжийн татвар төлөлтийг идэвхжүүлэхийн тулд дээр өгүүлсэн хэвлэл мэдээллээр байнга гарч байдаг сөрөг сурталчилгааг арилгах (хэрэггүй зүйлд төсвийн хөрөнгө зарцуулахгүй байх), татвар төлснийхөө үр шимийг үзнэ гэсэн итгэлийг татвар төлөгчдөд суулгаж өгөх, татварын бодлогоор дэмжих хэрэгтэй юм.
Товчхондоо, манай улс хэдэн том аж ахуйн нэгжээ тартагт нь тултал "мөлжих" биш, жижиг аж ахуйн нэгжүүдээ дэмжих, татвар төлөгчдийн сэтгэл ханамжийн баталгааг гаргаж өгөх, үүний тулд хэрэгтэй, хэрэггүй зүйлд захиран зарцуулдаггүй байх нь шинэ шударга Монгол Улс бүрэлдэн тогтох гол үндэс суурь юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.77
Энэ жагсаалыг жаахан төгөлдөржүүлмээр байна шаардлагаа зөв тавих нүцгэлэхдээ эрэгтэйчүүд нь боовоо санжигнуулж эмэгтэйчүүд нь гоё мөөмөө унжуулж үтрээгээ ил гарган нэг талых нь үсийг хусаж эсэргүүцлээ илэрхийлмээр байна.Ингэвэл жагсаал төгөлдөржинөө
Хариулах