Б.Дэлгэрсайхан: Хил холболтын төмөр замыг барих чадвартай Монгол компани байхгүй

Х.Батсайхан
2025/03/27

УИХ-ын Хаврын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээр”-ийг соёрхон батлахаар хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ө.Шижир “17, 18 жил гацсан төсөл эргэн сэргэж, соёрхон батлахаар хэлэлцэж байгаад баяртай байна. Нөгөө талаар, 4300 гаруй км буюу БНХАУ-тай хамгийн урт шугамаар хиллэдэг хэр нь дөнгөж хоёр дахь төмөр замын боомтоо хийх гэж байгаа нь харамсалтай. Энэ төмөр замын төсөл анх ямар байдалтай байсан, одоо ямар болсон талаарх мэдээллийг өгмөөр байна. Яг юу болоод төмөр зам гацсан, шалтгааныг олон нийт мэдэх ёстой. Хил дамнасан Төмөр замын бүтээн байгуулалтыг хаанахын компани хийх вэ. Дотоодын ААН хийх боломж байгаа юу гэж асуулаа.

Түүний асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны наймдугаар сард Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр замыг бүтээн байгуулах талаар гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээ бол нууц биш. Бид УИХ-ын гишүүдэд зарим мэдээлэл хүргүүлж байгаа. Энэ мэдээлэлд гэрээг оруулж, хүргүүлье” гэв.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Хил холболтын төмөр зам мэргэжлийн хэллэгээрээ төвөгшилтэй гэдэг ангилалд ордог. Тиймээс энэ хэмжээний бүтээн байгуулалт хийх боломжтой дотоодын ААН одоогоор байхгүй. Цаашдаа мэдээж, бий болно. Яг одоохондоо гэвэл бид БНХАУ-ын компаниар хийлгэх шийдвэр гарсан. Магадгүй, манайхан өөрсдөө хийчихдэг, нөгөө тал баталгаа шаардана гээд асуудлыг удаашруулах магадлалтай учраас хоёр талын замыг хоёуланг нь нэг компаниар хийлгэхээр тендер зарласан” гэж хариуллаа. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.