Г.Хосбаяр: Хангайн бүсэд эрчим хүчний хоёр дахь эх үүсвэр зайлшгүй шаардлагатай

Х.Батсайхан
2025/04/14

Архангай аймагт болж буй “Хангайн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ы “Бүсийн онцлог, тэргүүлэх чиглэл” салбар хуралдаан өндөрлөлөө.

Хангайн бүсийн хувьд мал аж ахуйд тулгуурласан эдийн засагтай. Энэ утгаараа мал аж ахуйн гаралтай түүхий эдийн хангамж сайтай, энэ чиглэлийн үйлдвэрлэл хөгжүүлэх өргөн боломжтой ч хөгжүүлэхийн тулд юуны түрүүнд эрчим хүчний хангамжийг өсгөх зайлшгүй шаардлага байгааг панелистууд онцолж байв.

УИХ-ын гишүүн, Инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга Г.Хосбаяр энэ талаар “Манай Хангайн бүс эрчим хүчний эх үүсвэрээ ганцхан эх сурвалжаас буюу Эрдэнэтээс авдаг. Энэ тал дээр нэлээд эрсдэлтэй бүс нутаг. Тийм учраас эдийн засгийн өсөлтөө хангахын тулд эрчим хүчний хоёр дахь эх үүсвэрийг ашиглалтад оруулах зайлшгүй шаардлагатай. Одоогоор 10 мВт-ын сэргээгдэх эрчим хүчний станц, 20 мВт-ын баттерей хуримтлуурын станц байгуулах төслийн тендерийн ажлыг зарлаж хийхээр УИХ-аас баталсан 2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орсон байгаа. Тийм учраас Эрчим хүчний яам яаралтай энэ ажлын тендерийг зарлуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх ёстой гэж бодож байна.

Ер нь бүс нутгийн хөгжилд нөлөөлөх хэмжээний том төсөл, жижиг дунд үйлдвэрлэл бий болгоход эрчим хүчний найдвартай байдал, чадал хамгийн гол нөлөө үзүүлдэг учраас урьдчилж харж, ажлаа хийх шаардлага байгаа. Эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болж байж үйлдвэрүүд, ажлын байрууд бий болно, дэд бүтцийн том төслүүд урагшилна. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг явуулах ёстой. Манай бүс нутгийн урд хэсгээр нар, салхины нөөц их байдаг. Энэ нөөцөө ашиглах ёстой. Хоёр жилийн өмнө Булганд өндөр хүчдэлийн шугам тасрахад манай бүс нутаг долоо хоног эрчим хүчгүй байсан. Энэ нь эрчим хүчний найдвартай байдал ямар чухал болохыг харуулж байна” гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна