УИХ-ын Хаврын чуулганы хуралдаанаар Биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулалт хийх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Уул уурхайн бирж зөв явах ёстой. Боломж байгаа. Биржээр авч байгаа нөхдүүд ямар ч танил талгүй. Тэд нар ЭТТ ХК дээр очоод гэрээ хийх гэхээр нэг сар, хоёр сар хүлээх болдог байхгүй юу.
Нүүрс өсөж байгаа үед бол гайгүй, гэтэл унаж байгаа үед тэр хоёр сар хүлээнэ гэдэг маш хүнд байхгүй юу. Энэ нь санаатай хийгддэг. УИХ-ын гишүүн, сайд, дарга нар ЭТТ дээр очиж, тонн тутамд нь 2, 3 ам.долларын шан авч байгаад 500,000, сая тонн нүүрсний гэрээ хийдэг. Дарга нарын авлигтай нүүрс түрүүлж гардаг.
Ер нь “Нүүрсийг яавал алт шиг үнэтэй болгох вэ” гэдэг луйвар л “ЭТТ” ХК дээр явж байгаа. 4500 ккалори нүүрсний гэрээ хийчихээд 6000 ккалори нүүрс ачуулдаг авлигатай нөхдийн нүүрсийг түрүүлж гаргадгаас болж л ийм асуудал болж байгаа юм.
Уурхайгаас төмөр зам хүртэл 1 сая 78 мянган төгрөгөөр тээвэр хийж байна. Төмөр замаас хил хүртэл дөрөвхөн км газар 1.8 сая төгрөгөөр тээвэрлэж байна. Дандаа дарга нарын компани тээвэр хийдэг. Монголын ард түмэнд ирэх ашгийг замаас нь ингэж хулгайлахаар яаж ашиг ирэх юм бэ. Дөнгөж 93000 төгрөгийн ногдол ашиг өгч байгаа.
Гэрээг нь асуудалгүй хийж өгдөг, хулгай хийдэггүй байвал ЭТТ жилд 350000 төгрөг биш, доод тал нь сая төгрөгийн ногдол ашиг асуудалгүй өгнө. Тиймээс Биржийн хууль өөрчлөхөөсөө өмнө ЭТТ дээр байгаа авлигаа цэгцэл” гэв.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан түүний асуултад “ЭТТ ХК өөрөө тендер зарлаад тээвэр хийх компаниа сонгодог. Даргын компани тээвэр хийж байгаа эсэхийг мэдэхгүй. Ард нь чухам хэн байдгийг хуулийн байгууллага тогтоох байх. Үнийн хувьд эргэж харах зүйл байгаа” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна