Ж.Ганбаатар: Хэрвээ энэ хуулийг баталбал Биржийн тухай хууль гэж байгаад хэрэггүй

Х.Батсайхан
2025/04/17

УИХ-ын Хаврын чуулганы хуралдаанаар Биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулалт хийх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Төрийн өмчит компаниуд нийтийн өмчийг олборлоод гадагшаа гаргаж байгаа бол заавал биржээр, ил тод, шударга өрсөлдөөний дүнд зах зээлийн үнэд хүргэж борлуулна” гэсэн зарчимтай. Энэ зарчим хуулийн өөрчлөлтөд огт байхгүй байна. Тийм болохоор энэ хуулийг дэмжи ямар ч боломжгүй байна. Энэ бүх зарчмаасаа энэ хууль чинь буцаж байна. Ц.Туваан сайдын хувиар, салбараа бодож хариулмаар байна.

Тийм учраас би огт зөвшөөрөхгүй. Офф тэйк, авлигал гээд гишүүд болгоомжилж байна, үнэн.

Ажлын хэсэг дээр хэлэлцээд ч сайжрахгүй дээ. Хэрвээ энэ хуулиа баталбал Биржийн тухай хууль гэж байгаад хэрэггүй дээ. Хуульгүй явсан дээр болно. Ажлын хэсгийг ахална гэхээр яадаг юм бол, орж ажилладаг юм уу гэсэн бодол байна.

2024 онд Биржээр хэдэн тонн нүүрс зарсан бэ. 2025 онд хэдийг зарсан бэ. Энэ асуултад хариулаад өг. Зэсийг бас яагаад зарахгүй байна вэ, үнэ өндөр байна шүү дээ” гэв.

Ц.Туваан сайд түүний асуултад “Биржийн хуулийг батлуулсан хүн учраас санаа зовж байгааг ойлгож байна. Биржийн тухай хууль үгүй болохгүй. Гэхдээ амьдрал баялаг учраас бидэнд шинэ нөхцөл байдал, сорилт тулж байна. Тийм учраас заавал валют олж валютаар гэх биш, өөрт байгаа зүйлээрээ солилцоо хийж яагаад болдоггүй юм бэ. Энэ бол дэлхий нийтэд байдаг л зарчим. Бид тулгарсан нөхцөл байдлаа ямар нэг байдлаар даван туулж, төслүүдээ зогсоохгүй урагшлуулах арга чарга хайж байгаа. Таныг Ажлын хэсгийг байгуулагдвал ахлаад, эсвэл дотор нь ороод хамтраад ажиллахыг хүсэж байна” гэлээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна