БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ: Засгийн газар улсаа бодсон ч УИХ хүний шуналаас болгоомжилж байна

Х.Батсайхан
2025/04/17

Биржийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт УИХ-аар хэлэлцэгдэж байна. Засгийн газраас уг хуулийн төслийг оруулж ирэх болсон шалтгаан нь БНХАУ-д нүүрсний үнэ буурсантай холбоотойгоор экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэнтэй холбоотой. Тодруулбал, 200 гаруй ам.доллар байсан ханш 80 ам.доллар хүртэл уруудсан учраас экспортын хэмжээг нэмэгдүүлэх замаар төсвийн алдагдлаа бууруулах зорилгоор өргөн баригдаж буй төсөл юм.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа биржийн тухай хуульд ам нөхцлийг хааж, зөвхөн хил нөхцлөөр худалдах бөгөөд хүргэж өгөх үүргийг Монголын тал өөртөө авсан. Гэтэл тээврийн хүчин чадал хүрэлцэхгүй, БНХАУ татан авалт хийхгүй байгаагаас болж экспорт удааширчээ. Тиймээс тээврийн ачааллыг БНХАУ-тай хуваалцах зорилгоор ам нөхцлөөр худалдах боломжийг нээх, томхон бүтээн байгуулалтуудыг явуулахад “бараа солилцоо” буюу бартер хийх хувилбарыг оруулж ирэх зорилготой өөрчлөлтүүдийг тусгаад буй.

Инфляци 9.1 хувьд хүрч, улсын төсөв 1.2 их наяд төгрөгөөр тасарсан гэсэн статистик танилцуулагдаад байгаа энэ үед Засгийн газар төсөв тодотгож таналт хийх зайлшгүй шаардлагатай тулаад байгаа бөгөөд төлөвлөсөн ажлуудаа гацаахгүй гэсэндээ ийм өөрчлөлт хийж байгаа гэдгийг Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Ц.Туваан тайлбарлаж буй. Гэвч ам нөхцлөөр худалдах, бартер /офф тейк гэрээ/ хийх хоёр бол “Нүүрсний хулгай” гэх хэрэг гарсан үндсэн шалтгаан учир УИХ-ын гишүүн эргэлзээтэй хандаж, эргэлзсэн байр сууринаас хандаж байна.

Уул уурхай хүнд үйлдвэрийн /тухайн үеийн нэрээр/ сайд байхдаа Биржийн тухай хуулийн Ажлын хэсгийг ахалж, батлуулсан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Биржийн тухай хууль Төрийн өмчит компаниуд нийтийн өмчийг олборлоод гадагшаа гаргаж байгаа бол заавал биржээр, ил тод, шударга өрсөлдөөний дүнд зах зээлийн үнэд хүргэж борлуулна” гэсэн зарчимтай. Энэ зарчим хуулийн өөрчлөлтөд огт байхгүй байна. Тийм болохоор энэ хуулийг дэмжих ямар ч боломжгүй” хэмээн шууд эсэргүүцсэн. Тэрбээр хууль буруу гарвал хүний үйл ажиллагаа заавал эрсдэл үүсгэдэг гэх санааг хэлсэн. Өөрөөр хэлбэл, хууль зөрчилт, хулгай зэрэг хувь хүний шуналтай холбоотой асуудал үүснэ гэдэг санааг хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж ч үүний өмнө “Биржийн хуулиа өөрчлөхөөсөө өмнө Эрдэнэс Тавантолгой дээр байгаа авлигаа цэгцэл. Биржээр нүүрс авсан хүмүүсийн гэрээг хийхгүй, нүүрсийг нь гаргаж өгөхгүй, авлига авсан гишүүн, сайд, даргын нүүрсийг түрүүлж гаргадгаас болж Биржээр нүүрс авах газар олдохгүй байгаа юм” гэдэг байр суурь илэрхийлээд байв.

Төмөр замыг бартераар бариулахад нэг ширхэг талхыг 25,000 төгрөгөөр бодож нийлүүлсэн байсан баримт ил болсныг Г.Дамдинням гишүүн сануулж, ийм асуудал дахиж гарахгүй гэсэн баталгааг Засгийн газраас нэхэж ч үзэв.

Харин Ц.Туваан сайд гишүүдийн болгоомжлолыг ойлгож байгаа ч Засгийн газрынхаа байр суурийг хамгаалж, “Амьдрал баялаг учраас бидэнд шинэ нөхцөл байдал, сорилт тулж байна. Заавал эхэлж валютаар гэлгүй өөрт байгаа зүйлээрээ солилцоо хийж яагаад болдоггүй юм бэ. Энэ бол дэлхий нийтэд байдаг л зарчим. Бид тулгарсан нөхцөл байдлаа ямар нэг байдлаар даван туулж, төслүүдээ зогсоохгүй урагшлуулах арга чарга хайж байгаа. Таныг Ажлын хэсгийг байгуулагдвал ахлаад, эсвэл дотор нь ороод хамтраад ажиллахыг хүсэж байна” гэх байр суурийг илэрхийлсэн.

ХҮН нам ч мөн Биржийн тухай хуулийг өөрчилбөл “Нүүрсний хулгай” давтагдана гэсэн байр суурьтай байна.

Санаснаар болдог бол тээврээ сайжруулаад Биржийн тухай хуулиа мөрдмөөр. Гэтэл нөгөө талаас баялгаа баялгаар солилцоод бүтээн байгуулалтаа ч зогсоохгүй үргэлжлүүлмээр ч байдаг. Алинаар нь ч явсан шударга ил том зохион байгуулбал бидэнд боломж л нэмэх хувилбар. Гэвч "Боломжийг нь өгчихвөл хэн ч хулгай хийнэ" гэсэн болгоомжлол гишүүдийг эргэлзээнд оруулж байна.   

Хуульд нэмэлт оруулах эсэх асуудлаар санал хураалтыг ирэх пүрэв гарагийн чуулганы эхэнд явуулна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна