Евразийн эдийн засгийн холбооны орнуудтай байгуулах чөлөөт худалдааны түр хэлэлцээр УИХ-ын Байнгын хороод дээр хянагдаж байгаа билээ.
Хэлэлцээр байгуулснаар Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн ОХУ, Казахстан, Беларусь, Армен, Киргизстан руу 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох боломжтой болно. Тодруулбал,
-29 нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн,
-60 нэр төрлийн арьс шир,
-204 ноос ноолууран бүтээгдэхүүн,
-73 нэр төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох боломжтой юм.
Ингэснээр Монголын аж ахуйн нэгж, экспортлогч байгууллагууд жилд ойролцоогоор 16.6 сая ам.долларын гаалийн татвараас чөлөөлөгдөнө гэж тооцож буй. Хариуд нь зөрүүлээд дээрх улсуудаас мөн ойролцоо нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулах ёстой.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улс дотооддоо үйлдвэрлэж чаддаг, төрийн бодлогоор хөгжүүлсэн 23 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлтөөс хасах хүсэлт тавьж, хэлцээрийн явцад 8-ыг нь хасч, 11-ийг нь харилцан зөвшөөрч болох нөхцлөөр зохицуулахаар тохирчээ. Харин дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг татварын чөлөөлөлтөөс хасахаас татгалзсан бөгөөд бид өмнө нь энэ талаар мэдээлж байсан.
Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчдийн хийж чаддаг 23 бүтээгдэхүүний найм нь хамгаалагдаж, дөрөв нь хамгаалалтгүй үлдсэн гэсэн үг. Тэгвэл бид яг ямар бүтээгдэхүүнээ хамгаалсан, ямарыг нь чадаагүй вэ гэдэг мэдээллийг хүргэж байна.
Хассан 8 төрөл /Хамгаалагдсан/
Шингэн сүү, өтгөрүүлсэн сүү, шар сүү, өтгөн цөцгий, даршилсан өргөст хэмх, сонгино, шар лууван, манжин, төмс
Буулт хийсэн 11 төрөл
Сахартай хуурай сүү, сахаргүй хуурай сүү, хайлмал бяслаг, цөцгийн тос, бяслаг, бусад бяслаг, өндөг, хатуу улаанбуудай, зөөлөн улаанбуудай, шар айраг, архи
Татгалзсан 4 төрөл /Хамгаалагдаагүй/
Йогурт, амтат жигнэмэг, өрмөнцөр, эрдэст ус
Монгол Улс өнгөрсөн онд Евразийн эдийн засгийн холбооны орнууд руу 110.1 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортлож, 2.9 тэрбум ам.долларын импорт хийсэн. Гэрээнд гарын үсэг зурсны дараа экспорт 3.8 хувиар, импорт 4.7 хувиар өсөх гэнэ. Гэрээг ирэх сард гарын үсэг зурж баталгаажуулна гэж яригдаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна