Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шатандаа явж байгаа талаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээллээ.
Бүтээн байгуулалтыг хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт одоогоор БНХАУ-ын CREC, CRCC гэсэн хоёр ААН саналаа ирүүлээд байгаа бөгөөд энэ сарын 31-нд шалгаруулах юм байна.
Улмаар хил дамнасан төмөр замын барилгын ажлын нээлтийг тавдугаар сарын 14-нд хийж, үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Улсын Их Хурлаар баталсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж тусгасан.
Тус төслийг хэрэгжүүлснээр манай улсын нийт экспорт болон, зорчигч, ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна