Ц.Туваан: Алт олборлогч, алтны үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлийн дэмжлэг үзүүлнэ

Х.Есү
2025/05/08

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас "Алт 3" хөтөлбөртэй холбоотой зарим зүйлсийг тодрууллаа.

-"Алт 3" хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарсан гэж ойлгосон. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засагт ямар үр өгөөж ирэх вэ?

-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар  “Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол гарсан. 

Монгол Улсад хүчинтэй байгаа 560 лиценз байгаа. Үүний 85 хувь нь шороон ордных.  

Лицензийн тооны хувьд 85 хувь байгаа ч алтны нөөц нь тодорхойлогдсон алтныхаа 15 хувь нь шороон орд дээр байдаг. Өөрөөр хэлбэл шороон ордны лиценз олон ч алтны хэмжээ бага. 

Хоёр дахь нь алтны үндсэн орд байгаа. Энэхүү үндсэн орд дээр нийтдээ лицензүүдийн 10 гаруй хувь байдаг ч алтны нөөц 80 гаруй хувьтай байна. 

Валютын нөөцийг эрс багасгахгүй байх ганц боломж нь алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх. Бид өнгөрсөн онд 18.5 тонн алт олборлож, энэ жил 20 тонноор төсөвлөсөн. Алтны хэмжээг шороон ордоо ашиглаад 2 тонноор нэмэгдүүллээ гэж бодоход ойролцоогоор 1.7 их наяд төгрөгийн орлогыг нэмж олох боломж төсөвт гарч ирнэ. 

100 орчим тонны нөөцтэй үндсэн ордууд бий. Эдгээр ордууд нь тусгай хамгаалалттай газар нутаг дээр байгаа. Үүнийг олборлох асуудлыг тодруулж байгаа. 

-"Алт 3" аяны хүрээнд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх вэ?

"Алт 3" аяныг эхлүүлэх Засгийн газрын тогтоол дотор нэг заалт байгаа нь Монгол банктай хамтарч, гадаадын хөнгөлөлттэй зээл тусламжийг ашиглаж, алтны үйлдвэрлэл эрхлэгч, алтны олборлогчдод зээлийн дэмжлэг үзүүлэх асуудал байгаа. Эхний байдлаар 300 орчим сая долларын эх үүсвэр олж ирж байгаа гэсэн мэдээлэл бий. 

Үүний дараагаар нөөц нь тодорхойлогдчихсон, байгаль орчны нөхөн сэргээлтийг 100 хувь хийх баталгаагаа байршуулж чадах ийм компаниудад энэ зээлийг олгоно" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.