Л.Гантөмөр: Монгол хүн үгээ хэлэх эрхтэйгээ байсан цагт үнэн мөн тодорхой болно

Zuv.mn
7 цаг 39 минутын өмнө

Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа.

-МАН-ын Бага хурлаас өчигдөр Хамтын гэрээгээ зөрчсөн намыг Хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэр гаргалаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр АН, ХҮН намын дарга нартай уулзаж, гэрээ дүгнэнэ, хурлын шийдвэрийг танилцуулна гэсэн. Уулзалтаар ямар асуудал яригдах вэ?

-Улсын эрх ашгийг нэгт тавьж урагшаа алхах учиртай. Гурван намын дарга уулзаад ямар түвшинд хариуцлагаа хүлээх вэ гэдгээ шийднэ.

-Хамтарсан Засгийн газраас гарахдаа гурвуулаа хариуцлага хүлээх ёстой гэж байгаа юм уу. Хурлын шийдвэр бол Ардчилсан намтай хамтрахгүй гэдэг байдлаар гарсан шүү дээ?

-Бид бол ярилцаад, гарсан шийдвэрээ олон нийтэд хүргэдэг л хариуцлагатай шүү дээ. Тийм учраас өнөөдөр Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг би түрүүлээд ярих эрх надад байхгүй. Гурван намын дарга уулзаад гаргасан шийдвэрийг бас ярих эрх байхгүй. Ямар ч тохиолдолд Монгол ардын нам “Хамтарсан Засгийн газарт АН байж болохгүй юм байна” гэж дүгнэсэн гэж би ойлгосон. Тэр бичгийг нь бол аваагүй байна.

-Иргэд Ерөнхий сайд огцор, орлогоо нотол гэж шаардаж байгаа. Гэтэл Ерөнхий сайд Хамтарсан Засгийн газрын асуудлыг хувийнхаа асуудал болгоод, та хэдийг хөлдөө чирчихэж байгаа юм биш үү?

-Үгүй, үгүй. Өчигдрийн Бага хурлын мэдээллийг бол бид авсан шүү дээ. Ерөнхий сайд бол Хамтарсан Засгийн газар байх учиртай. Яагаад гэвэл сонгууль нэгээр дуусахгүй. Монголын Парламент ажил хэрэгч байх ёстой. Дэлхийн худалдааны дайнаас улбаатай энэ нөхцөл байдалд бид нар их тэвчээртэй, маш тодорхой байх ёстой гэдэг байр суурийг Ерөнхий сайд Бага хурал дээрээ эхнээсээ эцсээ хүртэл хэлсэн гэж бид ойлгож байна.

Тийм болохоор АН-ыг гаргачихаад өөрөө дангаараа, эсвэл өөр эвсэл байгуулаад явья гэдэг бодол бол хаширт байхгүй. Одоо бид гурав гэрээгээ урдаа тавиад ярина. МАН гэрээгээ зөрчсөн учраас ямар ч тохиолдолд Ардчилсан нам Засгийн газарт орохгүй. Засгийн газарт ажиллахгүй. Гэрээгээ зөрчсөн гэдэг нь Бага хурлын шийдвэрийг хэлж байгаа юм. Тэгэхээр “Гэрээ уначихлаа. Одоо ямар түвшинд, яаж хариуцлага хүлээх вэ” гэдэг асуудлыг ярина.

-Гэрээнд ер нь ямар хариуцлага хүлээхээр заасан байдаг юм бол?

-Гэрээгээ биелүүлж чадахгүй бол хамтын хариуцлага хүлээнэ гэдэг заалттай...

-Ер нь танайхыг гэрээгээ зөрчсөн гээд байна шүү дээ?

-Энэ бол гүтгэлэг шүү. Ардчилсан нам гэрээгээ зөрчсөн гэдэг бол гүтгэлэг. Юмыг ярихдаа дандаа гүтгэж ярьдаг энэ улс төрийн муу араншинг халмаар байна. Харамсалтай нь МАН-аас тийм ухаан гарсангүй. Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, бүлгийн даргын нэрийг дурдаж байна лээ. Тэр бол намын байр суурь биш. Намын байр суурь бол Удирдах зөвлөл, Үндэсний бодлогын хороогоороо л гардаг.     

Цөөнх бол дугарах эрхтэй. Би “Гишүүдийнхээ амыг амыг барина” гэдэг зүйл гэрээн дотор байхгүй. Тийм зүйл дээр би зурахгүй шүү дээ. Би намынхаа үндсэн араншинг мэднэ. Өөрсдөө засагласан ч дотроо сөрөг хүчин хийгээд явчихдаг. Нэг үгээр, үзэл бодлоо ил хэлдэг л хүмүүс байхгүй юу.

Тэгэхээр, Засгийг унагаж байгаа учир шалтгаанаа Ардын нам нуучихлаа гэж би харж байна. Ардчилсан намыг гаргадаг нь шалтаг боллоо гэж харж байна. Энд их ухралт явлаа гэж харж байна.

Хамгийн их санаа зовж байгаа зүйл бол, “Одоо утаагаа яах юм бэ”. Бид нар Кокс химийн үйлдвэр байгуулахаар шийдвэрээ гаргачихсан. Энийгээ хийгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Зэсийн үйлдвэр, гангийн үйлдвэрээ яах вэ. Төрийн дунд шатны цомхотголоо яаж хийх юм бэ. Төрийн албыг есөн хувиар, ТӨК-иудын ажилтнуудыг 15 хувиар  бууруулах ёстой гээд манай Засгийн газрын өргөн барьчисан энэ төлөвлөлтийг ажил хэрэг болгомоор байна. Асуудлуудаа шийдээд явж байвал бид нар бол гоншгонох юм байхгүй. Хувийн хэвшлийнхэнд эдийн засгийн эрх чөлөө, орон зай олгох, сэтгүүлч нэг мэдээ бичсэнийхээ төлөө шоронд хоригддоггүй байх гэх мэт асуудлуудаа анхаараад явна.

-Засгийн нгазрыг огцруулах жагсаалыг дэмжиж, гарын үсэг зурсан Ж.Золжаргал гэж улстөрчид Хариуцлагын гэрээний дагуу арга хэмжээ авна гэсэн асуудал яригдаж байна. Хамтарсан Засгийн газрын гэрэн дээр яг ямар хариулцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг юм бэ?

-Гэрээн дээр бол төлөвлөснөө хийж хэрэгжүүлээд явна л гэсэн юм байгаа. Жагсаалыг очиж дэмжсэн гишүүдийн хувь ажил хэргийн шүүмжлэл ерөөсөө байхгүй. Дандаа субьектив. Хувь хүний амьдрал ахуй, хувь хүнийх нь хандлага, ерөнхий нийгмийн суурь бүтцийн тухай л ярьсан гэж би ойлгож байгаа. Энэ хүмүүсийн ярьсан яриаг Ардчилсан нам дэмжээгүй. Дэмжээд шийдвэр гаргачихсан бол бид асуудлыг ярина. Би өөрөө гэрээгээ уншиж байгаа хүн шүү дээ. Гэрээнд тусгагдсан зүйлсийн өөдөөс явж байгаа бол нам өөрөө хариуцлага тооцно.   

Ер нь цаашдаа энэ жагсаалт гэдэг юмыг их сайн бодмоор юм байна. Намынхаа бодлог шийдвэрийг хатуу барьж чадах хүмүүсийг Парламент руу оруулж байж, нөм өөрөө бодлогоо хатуу барих юм байна. Гэтэл намын нэрээр гишүүн болчихоод намынхаа эсрэг ажиллана гэдэг буруу жишиг. Тойргоос сонгогдсон гишүүд бол тойргийнхоо сонгогчдын эрх ашгийг хамгаална.

Ер нь бол, улстөрч хүн гэдэг дандаа дуугарна гэсэн үг биш шүү дээ. Дуугарах үедээ дуугарна. Жагсаалтыг хэрхэн гаргах вэ гэдэгт анхаарахгүй бол жагсаалтаар орж ирсэн гишүүд хамгийн ихээр итгэл эвдэж байна. Энэ бол МАН-д ч байгаа. Манайд ч байгаа. Тэгэхээр манайх Парламентын ардчиллаа хамгаалах, Парламентын засаглалаа бэхжүүлэхийн тулд илүү төгөлдөржих ёстой юм байна.

Нам гишүүнтэйгээ хариуцлага тооцоод хөөлөө гэж бодъё. Гэтэл нам өөрийнхөө капиталыг, нэг суудлаа яах вэ гэх мэт олон асуудал шийдэгдээгүй юм байна.

-Ардчилсан намын зарим гишүүд шинээр нам байгуулаад тусдаа гарах юм бол шинээр байгуулагдах Засгийн газарт орж ажиллахад нээлттэй гэсэн мэдээлэл гарч байна?

-Наадах чинь Ардчилсан намыг хуваах гэсэн чулуу хаялт. МАН бол нэг тийм л ажил хийдэг. Би бол энэ намыг нийлүүлэх гэж хоёр жил махаа идсэн хүн шүү дээ. МАН-ынхан угаасаа бусдыг хуваах стратеги хийдэг. Тэрний л нэг хэсэг нь. Миний хэлээд байгаа зүйл бол эв эеэ хичээгээрэй, тэвчээрэй шүү. Манайхан ч их тэвцсэн. Үнэхээр нэг улсаа босгоод ирэх юм сан гэж. Зодолдох, хэрэлдэх, салах үнэхээр амархан. Гэхдээ өөрсдийгөө Монголын төрийн хоёр баганын нэг гэж итгэж байгаа бол намаа институц болгох үүрэгтэй.

Бид бол түүхийн өчүүхэн бага хэсэгт нь үүрэг гүйцэтгэх гэж ирсэн л хүмүүс шүү дээ. Энэ хоорондоо намаа институц болгох, улс орноо ядуурлаас гаргах үүрэгтэй. Энэ үүргээ нэр төртэй биелүүлэх ёстой л гэж боддог.

-Гэрээгээ зөрчсөн гэж яриад байгаа?

-Тэр бол гүтгэлэг. Би өөрөө харсан, би өөрөө зурсан хүний хувьд хэлж байна шүү дээ. Асуудлыг ийм гүтгэлэг хэлбэрээр шийдэж байгаад харамсаж байгаа. Ер нь, том шалтгаан нь юу байв аа гэдэг нь урт удаан хугацаанд яригдах байх аа. Монгол Улсад нууц зүйл гэж байхгүй.

-Уг нь Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал яригдаж байсан, яаж яваад Ардчилсан нам буруутан болчихов л гэж?

-Ардчилсан нам ерөөсөө буруутан биш. Тэр бол цаг хугацааны явцад тодорхой болно. Би удахгүй Л.Оюун-Эрдэнэ, Т.Доржханд даргатай уулзана. Бага хурлын бүтэн мэдээллийг нь сонсоно. Гаргах гэж байгаа шийдвэрийг нь сонсоно. Хүндэтгэлтэй хандана. Мөн ямар ч тохиолдолд энэ гүтгэлгээ зогсоо гэдэг шаардлагыг Л.Оюун-Эрдэнэ даргад тавина. Бидэнд ямар ч гэрээний зөрчил байхгүй. “Гүтгэлэг хийх тусам дараа, дараагийн төрийн үйл хэрэгт халтай шүү” гэдгийг хэлнэ. Гүтгээд, урвадаг гэж байж болохгүй. Монголын төрийн гал голомт ариун байх ёстой.

Үнэлээ л хэлцгээ л дээ. Ажиллахад хэцүү байгаа бол тэрийгээ хэл. Ардчилсан нам их олон албан тушаал аваад бэхжээд байгаа бол тэрийгээ ний нуугүй ярь. Жишээ нь, АН хяналтын сайд авчихаад хүмүүсийг шалгаад байна гэж гомдоллож байгаа юм гэнэ лээ. Тэгвэл тэрийгээ хэл. Урт хугацааны тоглоом тоглох гэж байтал тэрэнд нь Ардчилсан нам саад болоод байгаа бол тэрийгээ хэлцгээ. Үнэнээ хэлсэн дээр дээ. Би бол Л.Оюун-Эрдэнэ даргаас тэрийг л шаардана. Үнэнээ хэл ээ. Худал хуурмагаар хол явахгүй.

Манай хэвлэлийнхэн ч олж мэд. Олж мэдсэнээ олон нийтэд хүргэхийг хичээ. Нэг намын засаглал руу шилжихэд хэвлэлийн эрх чөлөө амин чухал шүү. Хэвлэлийг худалдаж авах, боомилдог ажлыг нэг нам дангаараа засаглахаараа хүчтэй хийж эхэлдэг. Энэ үед бол бид нар хэвлэлийнхнийгээ хамгаалах, өмгөөлөх, талд нь байх. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг сайтар боловсруулж, сайн хууль гаргахын тулд ажиллана. Монгол хүн үгээ хэлэх эрхтэйгээ байсан цаг үнэн мөн тодорхой болно. Үг хэлэх эрхээ л хаалгачихвал худал хуурмаг ертөнцөд бид автана.

Өнөөдөр Я.Содбаатар дарга бол маш бүдүүлэг мэдэгдэл хийсэн. Монголын улс төрд ийм бүдүүлэг мэдэгдэл дахин битгий гараасай. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна