Ардчилсан намыг ашиглаад хаяв

С.Гандэлгэр
14 цаг 2 минутын өмнө

2024 оны УИХ-ын сонгуульд МАН 68 суудал авч ялсан ч өөрсдөө АН болон ХҮН намд хамтарсан Засгийн газар байгуулах санал тавьж, Л.Оюун-Эрдэнээр удирдуулсан, Л.Гантөмөр Тэргүүн шадар сайдтай, Т.Доржханд шадар сайдтай Засгийн газрыг байгуулж байв. 

Тухайн үеийн нөхцөл байдлыг эргээд санавал, ухуулагч нь хүний аминд хүрсэн хэргээс болоод МАН сонгуульд ялахгүй ч байж мэдэх ширүүн уур амьсгалтай байсан бөгөөд АН жаахан л акци хийсэн бол нөхцөл байдал яаж ч эргэж мэдэхээр хүнд нөхцөлд байсан гэдгийг уншигчид санаж байгаа байх. 

Энэ үед АН-ын дарга Л.Гантөмөр уужуу тайван хандсанаар юунаас ч сэргийлж чадсан юм бэ, бид одоо таашгүй. Хамтарсан Засаг байгуулах зураг чухам тэр үед зурагдсан гэдэг яриа ч бий. 

Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүнг урьдчилж хэлэх боломжгүй үед "Сонгуулийн дүн яаж ч гарсан хамтарч засаглаад улсаа бодъё" гэдэг саналыг тавих, хүлээж авахад Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөрийн хэн, хэнд нь илүү амар байсан гэсэн үг. 

Улмаар нөхцөл байдал намжиж, сонгуулийн дүн МАН дангаар Засгийн газраа бүрдүүлэх боломжтой гарсан. Хамтарсан засаг байгуулсан. Гэвч түүнээс хойш арван сарын дараа дээрх намуудын зам салж, Ардчилсан нам Засгийн газраас хөөгдлөө. 

Шууд хэлэхэд, сонгуулийн үеэр үүссэн эгзэгтэй нөхцөл байдлыг зөөллөхөд ашиглачихаад хаячихлаа. Ингэж хаях болсонд хүмүүс мэдэж байгаа ч ил хэлж зүрхлэхгүй байгаа өөр том шалтгаанууд ч нөлөөлсөн. 

Ямартай ч МАН-ын бага хурлаар хамтарсан Засгийн газрын хувь заяаг хэрхэх асуудлыг хэлэлцэж, "Хамтарсан Засгийн газрын гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлэх үү" гэсэн саналын томъёоллоор санал хурааж олонх дэмжсэнээр гэрээгээ зөрчсөн гэж яригдаад буй Ардчилсан нам Засгийн газраас "хөөгдөх" нь тодорхой болоод буй. 

Мэдээж МАН-ын дотоод "зодоон"-оос болж хамтарсан Засгийн газар дэнчигнэж байгаа ч, энэ нь эргээд МАН-даа ашигтай тусна. АН-ыг Засгийн газраас гаргавал бүхэл бүтэн 8 сайдын суудал гарч, гомдогсодоо баялуулах нь дамжиггүй. Түүнчлэн төрийн шат шатны байгууллагад томилогдсон АН-ын хүмүүсийг МАН-ынхнаар солино гэсэн үг.  

Хамтарсан Засгийн газар байгуулагдсанаар 10-20 жил гацсан томоохон төслүүдийг нэг бодлогоор урагшлуулсан нь бодит үнэн. Үүний үр дүнд эрчим хүчний тусгаар тогтнол, эдийн засгийн тогтвортой байдал, уул уурхайн тээвэр, ложистик гэх мэт олон асуудал шийдэгдэж буй. Тухайлбал Газрын тос боловсруулах үйлдвэр, Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын боомт, Ураны төсөл, Хөх нүүрсний үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн төслийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь Хамтарсан Засгийн газрын гавъяа байв. 

Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан бусад мега төслүүдийн хамтарсан Засгийн газрын үед хийхээр тусгасан нь нэг талаар АН, ХҮН намууд Засгийн газраас гарсан ч дээрх төслүүдийг эсэргүүцэхгүй биз. Нэг ёсоор хэрэгтэй үе нь дууссан учраас эрх баригчдад АН хэрэггүй болсон. Одоо тэднээс салах л үлдсэн болж таарч байна.  





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна