Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга, хурандаа Ж.Ванчинсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 6 сарын 15, 16 ны өдрүүдэд Архангай аймагт ажиллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Гомбодорж хүлээн авч, МЦНХ-ны тус аймаг дахь салбар холбоотой нягт хамтран ажилладаг болохоо дурдаад, цаашид ч дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад он удаан жил, үр бүтээлтэй ажиллаж байсан тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмад ажилтнуудынхаа идэвх, санаачлага, урам зоригийг сэргээж, нийгмийн идэвхтэй харилцаанд татан оролцуулах зорилгоор тэднийг төрийн одон медальд тодорхойлох, санал уламжлан шийдвэрлүүлэх ажлыг МЦНХ байнга зохион байгуулдаг билээ.
Архангай аймгаас Онцгой байдал, Цагдаагийн байгуулагд олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан ахмад дайчдад төрийн одон гардуулах арга хэмжээг Архангай аймгийн нутгийн удирдлагын ордны Их танхимд зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж Ажлын хэсгийн ахлагч, хурандаа Ж.Ванчинсүрэн шагнагдаж буй ахмадууд болон алба хаагчдад Монгол цэргийн нэгдсэн холбооноос нийгэмд чиглэсэн томоохон ажлуудыг танилцуулж, төрийн одон медалиар шагнагдаж буй ахмадуудад Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Гомбодорж, Ажлын хэсгийн ахлагч хурандаа Ж.Ванчинсүрэн, хурандаа Ч.Батчулуун нар Архангай аймгийн Иргэний хамгаалалт байгалийн гамшигтай тэмцэх салбарт 30 жил шүхэрчин аврагчаар ажиллаж 1300 удаагийн гамшгийн болон дадлагын буулт хийсэн ахмад настан Ц.Баярааг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан Н.Жамсранбазар, Д.Чимэдцогзол, М.Эрхэмбаяр, Г.Жаргалсайхан, Л.Батбаатар, Ч.Бямбажав, Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан, хурандаа Р.Болдбаатар нарын Цэргийн гавьяаны одонг гардуулан өглөө.
Шагнагдсан ахмадуудад Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Гомбодорж баяр хүргэн үг хэлж, шагнагдсан ахмадууд залуу насны эр зоригоор ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж явсан дурсамжаа хуваалцаж, төр засагт бидний ажил хөдөлмөрийн үр дүнг хүргэж, дуу хоолой болон ажиллаж байгаа Монгол цэргийн нэгдсэн холбооны хамт олонд талархал илэрхийлсэн юм.
Түүнчлэн өнгөрсөн оны 4 сард МЦНХ-ноос Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгтэй хамтран Архангай аймагт зохион байгуулсан “Тунгалаг мэлмий–2024” ээлжит хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд 500 гаруй ахмадыг хараа зүйн үзлэг оношилгоонд хамруулж харааны болон нар салхины хамгаалалтыг шилийг үнэ төлбөргүй олгосон билээ.
Үүнээс 64 иргэний нэн шаардлагатай харааны шилийг Солонгос Улсад тусгай захиалгаар хийлгэж, МЦНХ өөрийн зардлаар татан авч ирснийг энэ өдөр эздэд нь гардуулан өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна