Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, П.Батчимэг нарын 9 гишүүн өнөөдөр УИХ-ын даргад Д.Амарбаясгаланд өргөн барилаа.
Хуулийн төсөлд дараах үндсэн гол зохицуулалтыг тусгалаа.
Төрөл | Зориулалт | Хурд | Жолоодох нас | Явах зам |
Цахилгаан дугуй |
| 25 км/цаг-с хэтрэхгүй | 16 нас | Унадаг дугуйн замаар явах, ийм зам байхгүй бол авто замын зорчих хэсгийн баруун гар талын захаар эсхүл явган хүний замаар 10 км/цаг-с хэтрүүлэхгүй хурдтай явна |
Цахилгаан скүүтер |
| 25 км/цаг-с хэтрэхгүй | ||
Цахилгаан дугуй /суррон/ |
| 25 км/цаг-с дээш | 18 нас, Жолооны үнэмлэхтэй | Зөвхөн авто замын зорчих хэсгийн баруун гар талын захаар явна. |
Хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргаас олгосон энгийн зөвшөөрлийн үндсэн дээр нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эрхлэх ба дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн статистик тоон мэдээлэл
Сүүлийн 3 жилд нийт цахилгаан дугуй, скүүтерийн тоо 16 дахин нэмэгдэж, 2022 онд 1050, 2023 онд 8157 байсан бол 2024 онд 16783 болж өсчээ. Мөн “Жэт шэйринг монголиа” ХХК-ийн цахилгаан скүүтерийн аппликэйшинг 120,000 хэрэглэгч татан авсан, өдөрт дунджаар 4500-5000 хүн, “Ви Эм Си Групп” ХХК-ийн скүүтерийн аппликэйшинг 1,100,000 хэрэглэгч татан авсан, өдөрт дунджаар 12,900 хүн, "Эко технологи" ХХК-ийн цахилгаан дугуйн аппликэйшинг 11,150 иргэн татан авсан, өдөрт дунджаар 11,150 хүн тус тус ашиглаж байна. Дээрхээс үзэхэд цаашид нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй, скүүтер тээврийн хэрэгслийн тоо эрс өсөхөөр байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 985 осол аваар бүртгэгдээд байна. Нийт осол гэмтлийн тохиолдлын 93.8% нь Нийслэл-Улаанбаатар хотод, 6.2% нь орон нутагт бүртгэгдсэн байна. Насны бүлгээр авч үзэхэд нийт тохиолдлын 39.0%-ийг 10-19 насныхан эзэлж байна.
Тухайлбал 2025 оны эхний улирлын байдлаар “Суррон” загварын цахилгаан дугуй унаж зам тээврийн хөдөлгөөнд оролцсоны улмаас 11 осол гарч, 15 хүүхэд өртсөн байна. 2024 оны мөн үетэй харьцуулахад осолд өртсөн хүүхдийн тоо 60 хувиар өсжээ. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 46.7 хувь нь 17 настай, 20 хувь нь 16, 26.7 хувь нь 15, 6.7 хувь нь 14 насныхан байгаа бол 9 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй байна.
Нийт осол гэмтлийг шалтгаанаар авч үзэхэд мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах буюу онхолдох тохиолдлын тоо 744 буюу 75.5%, мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлэх тохиолдлын тоо 164 буюу 16.6%, явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлэх тохиолдлын тоо 65 буюу 6.6%, мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдөх тохиолдлын тоо 10 буюу 1.0%, мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хөдөлгөөнгүй зүйл мөргөх тохиолдлын тоо 2 буюу 0.2% тус тус эзэлж байна.
Хуулийн төсөл боловсруулах үндэслэл:
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт “Монгол улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй” гэж, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", 2 дахь хэсэгт “...Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно.” гэж, 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.” гэж тус тус заасан ба үүгээрээ ардчилсан, эрх зүйт нийгэмд хүний эрх, эрх чөлөөнд хязгаарлалт хийх тохиолдолд гагцхүү хуулиар зохицуулах ёстой.
Гэвч одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд замын хөдөлгөөнд оролцогч этгээд болох “жолооч”, “зорчигч”, “явган зорчигч”-ийн болон иргэний нийтлэг эрх, үүргийг хуульчилсан байна. Тухайлбал, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.”, 13 дугаар зүйлийн 13.2-т “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн дараах үүргийг хүлээнэ: 13.2.1.Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх;” гэснээс өөр тодорхой үүрэг хуульчлагдаагүй байна.
Тэгвэл Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийн /цаашид “Дүрэм” гэх/ 25-д “Унадаг дугуй, мопедоор хөдөлгөөнд оролцоход тавих нэмэлт шаардлага” гэх зохицуулалтыг журамласан боловч энэ нь цахилгаан дугуй, скүүтер г.м шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгслийн жолоочид хэрэгжүүлэхэд учир дутагдалтай байна. Ийнхүү дээрх үндэслэл, шаардлага, гадаадын улс орнуудын туршлагыг харгалзан хуулийн төсөлд “цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр жолоодох насны доод хязгаарыг 16 нас байх”, “техникийн дээд хурд нь цагт 25 км-ээс илүү хурдтай цахилгаан дугуйг Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу мотоцикл ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, 18-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох эрхтэй” байхаар тусгасан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.91
Суррон /Surron/ гэдэг чинь зүгээр л нэг хятадын цахилгаан дугуйны брэндийн нэр шдээ, оркуудаа. Дэлхий дээр зөндөө олон цахилгаан дугуй үйлдвэрлэгч байгаа. Тэгээд Surron оос өөр брэндийн цахилгаан дугуй унаад явж байвал наад хууль чинь үйлчлэхгүй гэсэн үг үү? Нөгөө л нэг канондох, соль давс гэж ярьдаг сэтгэлгээ нь яг хэвээрээ...
Хариулах