ОУХМ А.Даваажаргал: Загастайн давааны өгсүүрт л их юм шийдэгдэнэ

Zuv.mn
2025/08/18

Өчигдөр /2025.VIII.17/ болсон “TOUR OF MONGOLIA 2025” тэмцээний II гараа, Наранбулаг-Өндөрхангай чиглэлийн 125 км-ын уралдаанд түрүүлж, нийлбэр дүнг тэргүүлж эхэлсэн “Catco racing team” багийн тамирчин, ОУХМ Алтэнгэрэлийн Даваажаргалтай ярилцлаа.

-Өнөөдөр амжилттай уралдаж түрүүлсэнд баяр хүргэе. Өнөөдөр та гараанаас гараад л тасарсан. Тэргүүллээ алдалгүй байсаар түрүүлж чадлаа?

-Гараанаас гараад тасарсан, дундын барианы өмнө бас тасарсан. Хүчтэй ах нар хоорондоо отолцоод сиймхийгээрээ намайг явуулчихгүй юу. Тэгээд л явсаар байгаад ороод ирлээ.

-Өчигдөр толгойн группт явж байгаад бага зэрэг хоцорч орж ирсэн алдаагаа заслаа?

-Өчигдөр барианаас хоёр километрийн өмнө тасрах гэж оролдоод бариулсан.

-Өнөөдөр биеийн байдал сайн байх шиг байна. Бэлтгэл сургуулиа хэрхэн тохируулсан бэ?

ОУХМ А.Даваажаргал “TOUR OF MONGOLIA 2025” тэмцээний II гараанд түрүүлж орж ирж буй агшин

-Тэмцээн эхлэхээс өмнө олон хоног автобусаар яваад, бэлтгэл сургуулилт жаахан цалгардсан. Өнөөдөр биеийн байдал өчигдрийнхөөс хамаагүй дээр, амьсгал онгойсон байна.

-Өмнө нь олон өдрийн уралдаанд хэр олон орж байв. Ямар амжилт гаргасан бэ?

-Олон өдрийн уралдаануудад оролцож байсан. Нийлбэр дүнгээрээ тэргүүлж байгаагүй ээ. Анх удаа л тэргүүлж үзэж байна. Маш их баяртай байна. Этапт бол түрүүлж байсан. Өсвөр ангилалд бол 2022 онд Ховдод болсон “Tour of Mongolia” олон өдрийн уралдааны өсвөрийн ангилалд нийлбэр дүнгээр түрүүлж байсан. 

-Энэ тэмцээнд багийн болоод хувь тамирчны хувьд ямар зорилго тавьж оролцож байгаа вэ?

Багаараа түрүүлэх зорилго тавьсан. Хувь тамирчны хувьд шар цамцаа хадгалах. Багийн ажиллагаанаас л их зүйл хамаарна. Загастайн давааны өгсүүрт их юм шийдэгдэх байх...      



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.